Хятад улс 2019 онд хамгийн олон хүн цаазаар авсан орон болжээ
Хүний эрхийн байгууллагын "Amnesty International" байгууллагаас жил бүрийн 4-р сарын 21-ний өдөр гаргасан илтгэлд, Хятад улс дэлхийн хамгийн олон цаазын ял оноосон орон хэвээр байсаар байгаа боловч дэлхий даяар цаазаар авах ялын тоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамгийн доод хэмжээнд хүрсэн тухай мэдээлжээ.
Албан ёсны тоо баримтыг Хятад нууцалсан хэвээр байгаа боловч олон нийтэд нээлттэй болсон шүүх хурлын шийдвэрийг дүгнэж үзсэний үндсэн дээр ерөнхий тоог гаргасан байна. Дэлхий даяар цаазын ял оноосон тохиолдол 2019 онд 5 хувиар буурсан боловч Ойрхи Дорнодын хэд хэдэн улс эсрэгээрээ нэмэгдсэн байгааг тус илтгэлд мөн дурджээ.
Түүнчлэн бодит тоог нуухыг хичээдэг Иран өнгөрсөн жил дор хаяж 251 хүнийг цаазаар авсан бөгөөд Саудын Араб 184 цаазаар авах ял оноосны талаас илүү хувь нь цагаач байжээ. Ирак улсад Исламын улсыг дэмжигчдийн эсрэг үйлдсэний улмаас цаазын тоо бараг хоёр дахин нэмэгдэж 100-аас дээш болжээ гэж Эмнести мэдэгдэв.
Олон улс орнууд цаазын ял оноож байгаагаа нуун дарагдуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргадаг бөгөөд зарим нь "гэр бүл, хуульч, эсвэл цаазын ялд унаж байгаа хүмүүст урьдчилан мэдэгдэлгүйгээр ийм шийдвэр гаргадаг" гэж Эмнести байгууллагын Клара Алгар хэлээд Япон улсыг эдгээр улсын нэг гэж нэрлэжээ.
Гэсэн хэдий ч тус байгууллага нь дэлхий даяар энэхүү ялыг халах үйл явц эрчимжиж байгаа бөгөөд 2011 оноос хойш анх удаа Ази, Номхон далайн бүс нутагт буурсан үзүүлэлт ажиглагдаж байгааг онцолжээ.
Эх сурвалж: "Эмнести Интернэшнл" байгууллага