Тээврийн жолоочоос коронавирус илэрч нийт тохиолдол 34 боллоо
ЭМЯ-ны мэдэгдэж буйгаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нэг тохиолдол шинээр бүртгэгджээ. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн Монгол Улсын иргэн юм байна.
Тус иргэн нь гэр бүлээрээ ирсэн тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байсан, эхнэрт нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тусгаарласан талаар ЭМЯ мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсээ авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан. Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болсныг харуулж байна.
Өвчлөл бүртгэгдсэнээс хойш хугацаанд 79 жолоочийг тусгаарлаж, ажиглалт, шинжилгээ хийсэн. Тухайн жолоочтой ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Гэхдээ тэдгээр ажилтнууд бүгд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байсныг энд тодотгох нь зүйтэй" гэв.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот хүртэл явсан өгүүлэмжтэй аж.