БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: 2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг цахим хэлбэрээр зохион байгуулна
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрээр, "Засгийн газар, салбарын яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой тушаал гарсан. Өнөөдрийн байдлаар сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой Засгийн газрын нэг тогтоол, сайдын хоёр захирамж гарсан. IV сарын 15-ны Засгийн газрын тогтоолоор хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор 12-р ангийн хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авахгүй өнжөөх шийдвэр гаргасан. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн халаалт, гэрэл цахилгаан зэрэг хэмнэж болох хэмнэлтийг хийх тогтоол орон нутгууд руу хүргүүлсэн.
Уг тогтоолыг дагалдан IV сарын 17-нд салбарын сайдын тушаал гарсан.
Уг тушаалаар:
- Сургууль, цэцэрлэг
Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургаадугаар сарын 1-нээр дуусгана, ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх,
Теле болон цахимаар явуулсан хичээлийг багшийн журналд тэмлэглэсэн байх,
ЭЕШ-ын даалгаврыг гүйцэтгэхэд тулгардаг асуудалтай холбоотойгоор зөвлөмж, зааврыг элсэгчдэд хүргүүлнэ. Цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг, эхэд хүлээлгэн өгөх,
Цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориулт мөнгө хураахгүй. Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна.
- Их, дээд сургууль
Их, дээд сургууль, коллежтэй холбоотой сайдын тушаалд 2020-2021 оны бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноо төрийн өмчийн их, дээд сургуульд 480, хувийн өмчийн дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургуульд 400 оноо байхаар тогтоосон.
2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг 2020 оны VI сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна. Төгсөлттэй холбоотой хонхны баярыг олноор цугларч тэмдэглэж болохгүй. Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны VII сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна" гэлээ.