Өнгөрсөн даваа гаригт дэлхийн түүхэнд тохиолдож байгаагүй үйл явдал боллоо. Газрын тосны үнэ нэг баррелийн 50 ам.доллараар бууж хасах 30 ам.долларт хүрснээр энэхүү түүхийн эд түүхэндээ анх удаа хасах үнэтэй болсон байна.
Ийм нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь мэдээж коронавирус. Хэдийгээр ОХУ болон Саудын Араб газрын тосны үйлдвэрлэлтээ бууруулах хэлэлцээрт хүрсэн ч хөл хорионоос болоод дэлхийн ихэнх тээврийн хэрэгсэл, ялангуяа автомашин , нисэх онгоц ашиглагдахгүй болсноос хэрэглээ огцом буурч эхэлсэн билээ. Үүнээс болоод дэлхий дээрх бүх газрын тосны хадгалах байрнууд дүүрч үйлдвэрлэгч нар олборлосон бүтээгдэхүүнээ шууд зах зээл рүү нийлүүлэх болсон юм.
Гэсэн хэдий ч нийлүүлэлт нь эрэлтээ хэд дахин давсан учраас сүүлийн 2 сарын хугацаанд газрын тосны үнэ огцом унасан хэвээр байсан бөгөөд эцэст нь ийнхүү хасах орж байгаа юм.
Одоо газрын тос үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ "борлуулахын" тулд худалдан авагч нарт мөнгө төлөх ёстой болж байна. Гэхдээ ингэлээ гээд бензин болон дизелийн үнэ буурах болоогүйг ОПЕК-ын зөвлөх Аарон Брэди анхаарууллаа.
Тэрбээр энэ талаар "Ирэх 7-р сар хүртэл газрын тосны компаниуд шатахуун үйлдвэрлэгч нарт нэг баррелийг нь 22 ам.долларын үнээр борлуулах гэрээ хийсэн. Үүнээс гадна эрэлт буурсан учраас шатахуун боловсруулах үйлдвэрүүд гаралтаа бууруулсан байгаа. Тиймээс шатахууны үнэ мэдэгдэхүйц буурахыг харна гэвэл 8-р сарыг хүлээсэн нь дээр" гэж хэлжээ.
Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр 635 сая баррель газрын тосны илүүдэл үүсээд байгаа бөгөөд тэдгээрийг хадгалах газар нь үйлдвэрлэгч нарын толгойн өвчин болоод байгаа аж.
Аарон Брэди "Ийм үед газрын тосны үйлдвэр биш түүнийг хадгалах газар байгуулсан нь илүү ашигтай болсон" гэж нэмж хэлжээ.