Д.Ганцэцэг: Утасны дугаар, хаягаа худал бүртгүүлсэн иргэдэд хариуцлага тооцно
Нийслэлийн эрүүл мэндийн газрын Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганцэцэгтэй тусгаарлалтад буй иргэдийн талаар ярилцлаа.
-“COVID-19” халдварын тархалтын үед гэрийн хорионд болон тусгаарлалтад байгаа хэдэн хүн байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1123 хүн гэрийн хяналтад байна. 667 хүн гэрийн хяналтаас хугацаа нь дуусч хасагдсан. Өөрөөр хэлбэл 1813 хяналтад орсноос өрх дээр тусгаарлаж байгаа нь 1123 байгаа.
-Тусгаарлах шаардлагатай иргэдийн нэрсийг Улсын онцгой комисс, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс нэгдсэн журмаар хүлээн авч байгаа юу?
-Тусгаарлалтад орох шаардлагатай хүмүүсийн мэдээллийг нэгдсэн журмаар УОК-оос хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, Халдварт өвчин судлалын үндэсний төв, зочид буудлууд, сувилал эмнэлгийн байгууллагууд гээд олон тусгаарлах байр бий. Мөн хөдөө орон нутагт ч бас тусгаарлах байрууд байгаа. Эдгээр тусгаарлах байрын хаягуудыг Улсын онцгой комисс нэгтгээд, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн штабуудад нэрсийг нь явуулдаг. Тэгээд Улсын онцгой комиссоос өдөр бүр нэрсийг нь баталгаажуулаад явуулж байна.
-Гэртээ тусгаарлагдаж, ажиглалтад байгаа хүмүүс ямар дүрэм журам баримтлах вэ. Эрүүл мэндийн байгууллагууд ямар хяналт тавьж байгаа вэ?
-Улсын онцгой комисоос гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг зохицуулах түр хугацааны журам заавар гаргасан. Манай эрүүл мэндийн газрын баримталж байгаа бодлого бол тусгаарлалтаас гараад ирсэн хүмүүст эрүүл мэндийн хяналтыг цаг хугацаанд нь хийх зорилготой. Мөн Нийслэлийн онцгой комиссоос дүүргийн хэмжээнд энэ зохицуулалтыг хэрхэн хийх талаар заавар гарсан байгаа. Дүүргийн штабуудтай эрүүл мэндийн байгууллага, цагдаа, Мэргэжлийн хяналт, хороо, Улаан загалмайн нийгэмлэгийн хүмүүс энэхүү журам зааврыг мөрдөж, хамтран ажиллаж байгаа. Хяналтаас гарсан хүмүүсийн халууныг өдөрт хоёр удаа үзэх, зовиур шинжилгээ илэрч байгааг асуух, шаардлагатай тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, дүүргийн нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв болон дүүргийнхээ халдвар судлаачдаас зөвлөгөө авч, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Өнөөдөр гэрийн ажиглалтад байгаа хүмүүсийг дүүрэг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон 128 байгууллага хянаж байна.
-УОК-оос гаргасан дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Хяналтын горим зөрчиж гадуур явах, хаягаа буруу хэлэх, утас нь холбогдохгүй, олдохгүй байгаа тохиолдолд эрүүл мэндийн байгууллага холбогдох хүмүүст хэлснээр тухайн дүүрэг, хорооны Засаг захиргаа, цагдаагийн байгууллагууд олж илрүүлэх ажлыг хийж байна.
Зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн арга хэмжээг авах байгууллага бол дүүргийн мэргэжлийн хяналт цагдаагийн хэлтсүүд ажиллаж байна. Хариуцсан нутаг дэвсгэр дээр нус цэрээ хаях, амны хаалт зүүхгүй байх, гадуур бие засч байгаа энэ хүмүүст арга хэмжээ авахаас гадна хяналтад байгаа хүмүүс дүрэм зөрчих тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах ажлууд хийгдэж байна.
-ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 2-4 метрийн зай барь гэж зөвлөж байна. Гэтэл манайд дулаараад ороод иргэд задгайрах хандлагатай байна. Иргэдэд ямар сувгаар зөвлөгөө, мэдээллүүдийг хүргэж байгаа вэ?
-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд зөвлөгөө мэдээлэл, сургалт сурталчилгааг цахимаар хийж байна. Манайх харьяа 29 байгууллага, 142 өрхийн эрүүл мэндийн төвтэй. Эдгээр төвүүдээр дамжуулан иргэддээ сургалт сурталчилгааг өгч ажиллаж байна. Мөн нийслэлийн гудамжаар цагаан хоолойгоор иргэдэд зөвлөмж өгч байгаа.
Автозамын хөдөлгөөнд машинууд гэрлээ асаагаад явж байгаа нь “Амны хаалтаа зүүгээрэй. Анхаарал, сонор сэрэмжээ битгий сулруулаарай” гэсэн сэрэмжлүүлэг юм. 2-4 метрийн зайгаа барь гэсэн зөвлөмж амьдрал дээр хэрэгжихгүй байна. Бидний амьдарч буй нийгэм, орчин нөхцлөөс шалтгаалаад хүмүүс нийтийн тээвэр, такси унаанд, лифтэнд олуулаа бөөгнөрөл үүсгээд явж байна
. Хамгийн гол нь иргэд гар ариутгагч биедээ авч явах, амны хаалт зүүх, бээлий өмсөх зэргээр хүн болгон хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй. Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг 150 мянган төгрөгөөр торгоод, торгуулийн хуудсыг нь хүлээлгэж өгсөн байгаа.
-Зарим иргэд тусгаарлах байрнаас гараад гэрийн ажиглалтад шилжиж байгаа. Энэ үедээ бас хөл хорионы дэглэм зөрчвөл яах вэ?
- Тусгаарлах байрнаас гараад гэрийн ажиглалтын дүрэм зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн заалтуудаар торгуулын хариуцлагаас хорих хүртэл арга хэмжээг авна гэдгийг анхааруулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт таван хүний хаяг тодорхой биш байсан, дүрэм зөрчсөн нэг тохиолдлыг бид холбогдох байгууллагуудад мэдээллэсэн. Иргэдийн хувьд, 14 хоног хяналтад байх ёстой байтал эмч нарын шаардлагыг биелүүлэхгүй, гэртээ долоо хоночихоод дур мэдэн гадуур гараад явж байгаа зөрчил бас бүртгэгдэж байна. Мөн гэртээ архидан согтуурч байгаа үйлдлийг өрхийн эмч нар хяналт шалгалтаар илрүүлж, арга хэмжээ авч ажиллаж байна.
-Хөл хорио тогтоосны сайн тал бас байна гэж иргэд ярьж байна. Халдварт өвчний гаралт, ханиад томуугийн өвчлөл буурч байгаа гэж сонссон. Энэ тухай мэдээлэл дуулгаач?
-Хүйтэн сэрүүний улиралд ханиад, томуугаар өвчлөх эрсдэл эрс нэмэгддэг. Ихэнх тохиолдолд бэлтгэсэн орны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Тийм учраас энэ жил ч бас орныхоо тоог өмнөхөөс нэмэгдүүлж, нөхцөл байдлаа бэлдэж ажилласан. Шинэ коронавирусын халдвар гарсантай холбоотой иргэд амны хаалтаа зүүж, хувийн ариун цэврээ сайн сахисан, нийтийн золголт хийгээгүй зэрэг хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өвчлөл эрс буурсан. Намар өвлийн улиралд ханиад, томуугийн үе идэвхждэг. Энэ үед бид амны хаалтаа зүүж, хувийн ариун цэврээ сайн сахиад байвал ирэх жилүүдэд ч бас томуу, томуу төст өвчнөөс сэргийлж болох юм байна гэдэг нь харагдаж байна.
Г.Отгонжаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин