Г.Мөнгөн: “Манайхан тоо болоод мөнгө, хүүндээ л ач холбогдол өгөөд байгаа болохоос биш, тогтмол хуримтлуулж чадах нь өөрөө маш том сургалт”
Шилдэг номын жагсаалтад тэргүүлж буй “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын зохиолч, лектор Г.Мөнгөн нь өөрийн 50 мянга гаруй дагагчтай сошиал сувгаараа хуримтлалын талаарх зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэж, уншигчдадаа урам зориг өгсөөр байгаа.
Түүний хувьд,
- Их, бага гэлтгүй орлого бүрээсээ хадгаламждаа 40 хувийг;
- Гэр бүлийн данс буюу харилцах дансанд 10 хувийг;
- Ипотекийн зээл төлөх хуримтлалын дансанд 20 хувийг;
- Бизнес дансандаа 10 хувийг;
- Аяллын дансанд 15 хувийг;
- Зугаа цэнгэлийн дансандаа 5 хувийг;
тус тус тогтмол хуваарилах гэх зэргээр хуримтлалын 6 дансны аргыг 2 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, өөрийн хуримтлалын системийг бий болгоод байгаа юм.
Ингээд Г.Мөнгөнтэй хувь хүний санхүүгийн сахилга бат, хуримтлалын талаар ярилцсан ярилцлагыг Та бүхэндээ хүргэж байна.
1. Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй адил хадгалах нь илүү чухал уу, хөрөнгө оруулах нь чухал уу?
Энэ зүйрлэл нь гэргүй байж, хаус мөрөөдөхтэй л адил юм. Хөрөнгө оруулах, эрсдэл даах чадамж байгаа юм уу гэдэг асуудал гараад л ирнэ. Хүмүүс өнгөн дээрээ гоё, сайхан юм ярьж байдаг ч асуудал үүсэхэд түүнийг давах санхүүгийн нөөцгүй болж хувирдаг. Мөн бодит үнэнээ, өөрөөр хэлбэл санхүүгийн амьдралаа нуудаг. Хэдийг хадгалдаг, яаж мөнгөө өсгөдөг, бизнесээ хэрхэн явуулж байгаа талаар дэлгэхгүй. Тэгэхээр бидэнд бодит жишээ байхгүй, баримжаа байхгүй л болж байна гэсэн үг.
Мөн бид мөнгөтэй байж үзээгүй, тийм л хүмүүс юм байна гэж бодогддог болсон. Одоо л би 90 сая төгрөгийн эргэлт рүү орж ирж байгаа хүн, энэ надад шинэ зүйл. Би мөнгөтэй байж үзээгүй байхгүй юу. 100 сая төгрөгийг бидний олонх нь их мөнгө гэж бодно. Гэтэл тэр мөнгөөрөө юу хийх вэ? гэж асуувал байр авна гэх байх. Жаахан мөнгөтэй болоод ирэхээр л тайван байж чадахгүй, сандарч эхэлдэг. Гармаар, хэрэгтэй зүйлс авмаар болоод эхэлдэг.
Өр зээлээр өөрийгөө хурцалдаг хүмүүс бас олон байдаг. Би бас л тийм байсан. Өөрийгөө идэвхтэй ажиллуулдаг гол зүйл нь зээл төлөх гэж боддог. Сард 3 сая төгрөгийн зээлээ төлөх хүртлээ өөрийгөө зүтгүүлчихдэг, чадсан хойноо “кайф” авдаг. Гэхдээ хүнд зээл зохих түвшинд байх нь зөв.
“Манайхны нэг буруу ойлголт нь өрийн цаана гарч байж, хадгаламжтай болно гэдэг. Энэ бол хадгалж чадахгүй байгаагийн хамгийн том шалтгаан”
Зээл, хадгаламж бол зэрэгцээ орших систем шүү дээ.
2. Таны хувьд хадгаламжаа 6 дансанд хуваарилж байгаа. Энэ бол хүмүүст өгч байгаа жишээ, загвар гэж ойлгож байна. Хүн бүр өөрийн дансаа янз бүрээр хуваарилж болох байх, эдгээрээс зайлшгүй байх шаардлагатай дансыг нэрлэвэл?
Яагаад олон данс санал болгож байгаа вэ? гэхээр, Бид мөнгөтэй байж сураагүй учраас нэг дансанд бүх мөнгө байх үед жаахан аюулгүй болж байгаа мэт мэдрэмж төрнө, тэгээд замбараагүй хэрэглэнэ. 10 сая төгрөгтэй байж үзээгүй хүн 10 саятай болохоороо өөртөө их итгэлтэй болчихно. Тэгээд багыг ч гэсэн үрж болох юм шиг санагдана. Юу авна гээч, машин авна. Саяхан “хадгаламж өлсөхөөс эхэлнэ” фейсбүүк групп дээр мөнгөө ярайтал цуглуулсан нэг бүсгүйн түүхийг уншсан. Бэлэн мөнгө цуглуулсан байсан. Гэтэл хамгийн “харамсалтай” нь тэр мөнгөөрөө машин авчихсан.
Олон хуваарилахын давуу тал нь мөнгийг зардлын утгаар нь буюу зориулалтынх нь дагуу ангилж өгдөг. Аяллын дансан дахь мөнгөөрөө сурч эсвэл худалдан авалт хийж болохгүй. Урт хугацаанд байлгаад байх ч шаардлага байхгүй. Аялах л хэрэгтэй. Энэ бол заавал хүний амьдралд байх ёстой категори мөн юм байна гэдгийг ойлгосон. Өндгийг олон сагсанд хий гэх систем чинь л энэ юм даа. Мөн зүгээр хадгалагч байх хэрэггүй. Хадгаламжийг утга учиртай болгож, итгэл өгч байсан данс нь миний хувьд аяллын данс байсан.
Би одоо 13 дансны систем рүү орсон байна.
3. 10 сая төгрөг Таны хадгаламжийн хэдэн хувьтай тэнцэх үед Та шууд зарцуулалт хийх вэ?
Энэ бол систем. Үүнийг эхлээд би өөрөө ч ойлгоогүй. Би 2 жилийн өмнө 25 сая төгрөгийн зээлтэй байсан.
Бид зарлагаа танаж эхэлдэггүй. Машинаа зарахгүй, аятайхан газар хоол идэх, төлбөрөө барагдуулах гээд бүгдийг нь зохицуулах гээд байдаг. Ингэж байгаад л дээшилчих гээд, орлогоо ихэсгэчих гээд л байдаг. Энэ бол боломжгүй зүйл гэж ойлгосон. Энэ үед зардлаа танах л арга хэрэглэсэн. Өөрийн амьдралын чанарыг бууруулна, одоогийнхоо амьдралаас 50 хувиар ядуу амьдарна л гэсэн үг. Анх эхлэхэд олон данс хэрэггүй. Гол нь орлогоо талаар нь харж сурах чухал. 500 мянган төгрөгийн орлого орж ирдэг бол үүнийг 250 мянган төгрөг гэж өөртөө итгүүлэх л хэрэгтэй. Үүгээрээ л амьдар.
Анх 50 хувийн систем дотроо л зээлийн төлбөр, зардлаа холиод байдаг байсан. 6 дансны системд ороод зээлдээ тусад нь хувь бодож, данстай болоод, хэрэглээндээ 15 хувийг нь зарцуулна гээд ялгасан. Одоо бол би 5 хувиар л амьдарч байна. Гэхдээ энэ 5 хувь нь 2 жилийн өмнөх 50 хувиас илүү байхгүй юу. Систем томрол гэж энэ. Цаг хугацаандаа мөнгөө зарцуулж эхлэх буюу юунд зарцуулах вэ гэдгээ ойлгодог болно гэсэн үг.
4. Та хуримтлалаа 13 дансны арга руу шилжүүлсэн гэсэн, энэ талаар дэлгэрүүлбэл?
Хадгаламжийн багц өссөн. Хүүхдийн хадгаламж, хадгаламжийн тоглоом гэх мэтээр үүсгэж байна. Нэг аргыг нь задалбал, хадгаламжийн биш, энгийн харилцах данс гэсэн үг.Үүнийгээ ХХБанканд хадгалдаг юм. Энгийн дансанд мөнгөө хийчхээд дараа нь тэр данснаасаа хадгаламж руугаа хуваарилж, шилжүүлдэг. Үүнийг “дундын данс” гэнэ. Үндсэн хадгаламж руу мөнгө оруулахын тулд дундын данснаас шийдвэр гаргаж оруулна. Түүнээсээ боловсрол, эрүүл мэнд зэрэг аль хадгаламж руу хуваарилахаа шийднэ.
Энэ дансыг нээсэн шалтгаан нь хадгаламж эвддэг, дайралт хийдэг том дүнтэй худалдан авалтуудаас хадгаламжаа хамгаалж байгаа хэрэг. Яг хуримтлуулаад явж байтал хөргөгч эвдэрнэ эсвэл гэнэт шинэчлэх цаг болчихсон юм шиг санагдана. Тэгээд хадгаламжаа цуцлаад, анхныхаа цэг рүү буцах гээд байдаг. Ийм зүйл дээр хадгаламж руугаа орохгүйгээр дундын данснаасаа зарлага гаргана аа л гэсэн үг.
5. Бид хадгалах арга барилыг хэрэгжүүлээд эхэллээ. Харин тогтмол хадгалахад, хуримтлалыг дадал болгоход хувь хүнд ямар итгэл үнэмшил хэрэгтэй вэ?
Итгэл үнэмшлийг олно гэж байхгүй. Сэдэл төрсөн бол эхлүүл. Явц дунд дараагийн асуудлууд шийдэгддэг. Тооцоолоод, төлөвлөөд хадгалахгүй шүү дээ, хадгалахаасаа ч дургүй хүрнэ. Хүмүүс “аль банканд хадгалах уу”, “хүү нь хэд вэ”, “ямар валютаар хадгалах уу” гэж их асуудаг. Эргүүлээд Та хэдэн төгрөг хадгалах юм бэ? гэж асуухад “байхгүй” гэдэг. Мөнгөгүй байж их санаа зовдог. Таны байгаа хэмжээ өөрийн тань тархи л байхгүй юу, тэрнээс том зорилго, илүү дээр зүйл төлөвлөчхөөд түүний хойноос явдаг зүйл гэж бараг байхгүй. Та явц дундаа л суралцаж, дараагийн алхмаа харна.
“Хэтэрхий төгс зүйл төсөөлөх, төлөвлөх тусмаа хүмүүс тэндээ гацдаг”
Бодоод л яваад байдаг, орлогоо сайжруулчхаад, зээлээ дарчхаад л болгоно гэж боддог. Эхлэл л хэрэгтэй. Эхэлсний дараа стресс багасна. Итгэл үнэмшил сууна гэж хүлээгээд яах юм бэ? Явц дундаа хүн өөрөө ойлгодог л зүйл.
“Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” ном уншаад хуримтлалыг дадал болгосон хүмүүсийн олон гоё гарч байна. Надаас илүү мундаг туршлагыг хүмүүс хуваалцаж эхэлсэн.
6. Монголчууд түлхүү хүүхдүүддээ, тэднийхээ ирээдүйд зориулж хуримтлал үүсгэдэг гэдэг нь нийт хадгаламж эзэмшигчдийн судалгаанаас харагддаг. Таны хувьд дээрх 13 дансны аль нь хүүхдэд зориулагддаг юм бэ? Мөн хуримтлалын хэдэн хувийг эзэлж байна вэ?
Анх хүүхдийн хадгаламж байдаггүй байлаа. Хадгаламж гэдэг нэг л данс байсан. Одоо бол хүүхдэд зориулах данс 40 хувийг эзэлж байна. Хүмүүс хүүхдэдээ хадгалдаг ч үрчихдэг, барьцаалж зээл авдаг. Ингэж болохгүй.
Хуримтлалын дансны аргаа тодорхойлоод, ялгаад, зохиосон дүрмээ өөрөө дагах нь л чухал.
7. Та сүүлд “санхүүгийн размер” гэх ойлголтын талаар өөрийн сошиал хаягаараа дамжуулан хүргэсэн байсан. Юуны тухай ойлголт вэ?
Бидний яг бодитойгоор хайрладаг зүйл бол санхүү. Өвдвөл, аялбал хэрэгтэй зүйл нь мөнгө. Хуримтлуулж эхэлсэн 2 жилийн хугацаанд би зардал, зээл, хөрөнгөө хооронд нь хольдог гэдгээ ойлгосон.
Санхүүгийн размер нь бүгдийг тусад нь харж, өөрөөсөө ахадсан зардал гаргахгүй, ахадсан зээл тавихгүй байх тухай юм. Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах юм бол, болоогүй байхад илүү үнэтэй утас бариад байвал сайжрахгүй гэдэг л утгатай. Хэдэн хувиа хадгалаад, хэдэн хувиар амьдрах ёстой, болоогүй бол хөрөнгөд яарах хэрэггүй гэдэг л утгыг томьёолж гаргасан явдал.
8. Банкууд хадгаламжийн үйлчилгээгээ харилцагчдадаа илүү ойртох, амар хялбараар үйлчлэх, тогтмол шилжүүлэх үйлчилгээ, онлайнаар шийдэх гээд бүхий л талаараа улам сайжраад байгаа. Харин орлогоосоо тогтмол татуулж байгаа ч хугацаанаас өмнө цуцлах зэрэг үйлдлийг хийж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?
Мөнгө хадгалах дадал бол маш сайн, бас хэцүү. Хамгийн гол нь тэвчээр. Монголд ажилтан шалгаруулж авахдаа ур чадвар дээр нь хадгаламжаа тогтмол хадгалуулдаг “skill”-ийг нь сонирхох л хэрэгтэй. Энэ бол хариуцлагатай, биеэ даасан, санхүүгийн шийдвэр гаргах чадвартай хүнийг илэрхийлж чадах үзүүлэлт.
Банкууд байгууллагуудад “энэ хүн сар болгон хуримтлуулдаг уу” гэдэг тодорхойлолт гаргаж өгдөг болоосой гэж бодоод байгаа. Хэдийг биш, тогтмол эсэх нь л чухал. Хадгалах үйл явц өөрөө маш том боловсрол. Манайхан тоо болоод мөнгө, хүүндээ л ач холбогдол өгөөд байгаа болохоос биш, тогтмол хуримтлуулж чадах нь өөрөө маш том сургалт. 300 сая төгрөгийн зээлтэй хүн байлаа гэхэд тэр хүн хасах 300 саяын сургалтад суусан гэсэн үг. Өнөөдөр би нэмэх 90 саяын сургалтад суужээ (инээв).
Хүн зарлагыг мэдрэмждээ л суурилж гаргадаг. Сэтгэл хөдлөлийн шийдвэр дээр санхүүгийн тоглолтууд яваад байдаг. Эцэст нь яах юм? Санхүүгийн байдал тань таныг алгадаад л унагаана. Хамгийн том сургалтыг Таны санхүү олгож болдог.
9. Яг одоо уншигчид маань яг яаж эхлэх вэ? гэдэг зөвлөмж хүсэж байгаа гэж бодож байна. Ямар алхам хийх вэ?
“Орлогынхоо 50 хувийг цаашаа хийчих, тэгээд үлдсэнийг нь хүргэ”
Би гэртээ хоолоо хийж авч явж, машин эвдэрвэл засуулахгүй, хувцас авахгүй гээд зарлагуудаа танаж
байлаа. Эхний сард “гал” гарсан тулаан болно. Олон асуудал үүснэ. Ингээд 2,3 сар болоод ирэхэд чи дасаж, хүргэж сурна. Энэ үед л бодит өөрчлөлтүүд эхэлнэ. Хүний тархи бол тулсан газар сайн ажилладаг (инээв). Хүмүүс өөрөө өөрөөсөө гайхалтай зүйл олж хардаг шүү дээ.
Энэ ярилцлагыг уналтаас гарах гэж байгаа хүмүүс уншиж байгаа бол хадгаламж, зээл хоёр зэрэгцээ байдаг шүү гэдгийг л хэлмээр байна. Зэрэгцээ байх хэрэгтэй. Зээлээ дарахын тулд хадгалах хэрэггүй. Зээлтэй байгаад, түүнийгээ тэглээд “за одоо яг л цуглуулна” гэж боддогт тань асуудал байна гэж хараарай.
Коронавирустай холбоотойгоор хувь хүний орлогын албан татварыг 6 сарын хугацаанд төлөхөөргүй боллоо шүү дээ. Үүнийгээ л 6 дансанд хуваарилаад л эхэл л дээ (инээв). Төлж байгаа гэж бодоод л хуримтлуул, сайхан боломж.
Мөнгөгүй хүнд юу чухал вэ гэхээр, цаг хугацаагаа үрээд ч хамаагүй багахан мөнгөө хадгалах хэрэгтэй. Тэр мөнгөндөө ач холбогдол өгч, хэмнэх хэрэгтэй. “Мөнгөтэй хүнд юу хэрэгтэй вэ гэхээр цаг хугацаа хэрэгтэй. Тийм учраас бизнес классаар нисдэг юм”
Өөрийн хуримтлалыг эхлүүлэх, хадгаламжийн дансаа ЭНД дарж нээгээрэй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.