Дараагийн УИХ-д нэр дэвших зөв хүн нь хэн бэ?
УИХ-ийн ээлжит сонгууль дөхөхийн хэрээр нэр дэвшиж гишүүн болохыг хүсэгчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр амандаа багтахгүйг амлаж, савандаа байхгүйг зарцуулахыг шаардаж олон нийтэд таалагдахыг хичээх боллоо. Зарим нэг нь улиран суухгүй бол аавын хаалга татан, засгийн хоол үнэгүй идэхдээ тултал нүгэлийн тулам дүүрсэн тул эцсийнхээ аргыг шавхан тэмцэж байна. Түрүүчийн хямралыг өдөөсөн, түүнээс завшсан этгээд зурагтаар ичихгүй дараагийн хямрал яриад сууж байхыг харлаа. Нөгөө талаас сонгогч иргэд ирэх сонгуульд худалч, хулгайч биш бол хэн ч яахав гэж цөхөрсөн байдлаар хандаж байгаа нь дийлэнх байна.
Өнгөрсөн 30 жилд улсаа бодож, хөгжлийн бодлого шийдэл ярихаас илүү улсын хөрөнгийг идэж уухаар уралдаж байсан эрх баригчидтай байсан тул ингэтлээ итгэл алдарсанд гайхах юмгүй. Ээлжилж төр барьж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн эдгээр өвгөчүүл дахин нэр дэвшвэл түмний доог, амьтны адаг болохоо ойлгож байгаа бол уу? Хэрвээ горьдлого царайлаад соёлын төв, ахмадын өргөөний нээлт дээр цагаан бээлий өмсч, тууз хайчлаад зогсож байгаа харагдвал миний лав дотор муухайрна.
Тэдний халааг хэнээр залгуулахаа сонгогч бид шийдэх тул дараагийн луйварчинг сонгохгүй, улс орноо өөд нь татах зөв хүнийг гаргаж ирэхэд бүгд хичээх цаг болжээ. Та бүхний мэргэн сонголтод дэм болох, улмаар ирээдүйгээ аврах сайн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс энэхүү нийтлэлийг бичлээ. Корона вирусын генийн кодыг таньдаг тест байдагтай адил худалч, хулгайчуудын нийтлэг шинж тэмдэг нэр дэвшигчдэд байгаа эсэхийг таньдаг тест хийх гэж оролдож үзэв. Шалгаад үзээрэй. Эдгээр шинж тэмдгийг уншаад зарим хүний төрх таны санаанд шууд буух вий.
1. Дүр төрх, шинж байдал
Цалингаасаа үнэтэй хослол өмсч төрийн далбаатай ширээний ард сууж, ухаантай дүр үзүүлсэн зурагтай. Албан тушаалын наймаа, шахааны бизнесийн хор найруулж архидсаар минчийж хавдсан нүүртэй. Хүний үг шүүмжлэл сонсдоггүй, инээдэг эсэх нь эргэлзээтэй, загнах, хэрэлдэхийг урьдал болгодог дадалтай. Өчигдөрхөн үй зайгүй найзалж явсан нөхдөө урвагч, хулгайч, авилгачаар дуудах мөртлөө өөрсдөө гуйвж дайвна, нам солино. Тогтсон үзэл баримтлал, хөгжлийн бодлого, алсын хараа байхгүй. Пялдагуудаар хүрээлүүлж вакуумжсан.
Тухайн үед хүмүүст таалагдах үг хэлэхдээ сурамгай боловч утга санаа нь хоорондоо авцалдахгүй. Нэг ярьснаа маргааш нь үгүйсгэнэ. Түүхийг мушгин гуйвуулна. Монгол орон, төрсөн газар нутгаа магтан дуулах боловч эхнэр, нөхөр, хүүхэд нь гадаадад амьдардаг, гадаадад эмчлүүлдэг, казино тоглодог, төрийн сан, улсын хөрөнгийг мөнгийг цөлмөдөг хуурамч эх орончид.
2. Боловсрол мэдлэг, намтар түүх
Нэгэн аймгийн дунд сургууль дүүргээд хотод шилжиж, хувийн дээд сургууль төгссөн. Сүүлд эрдмийн цол хүссэн бололтой Удирдлагын академи оройгоор төгссөн дипломтой. Хөдөө төрж өссөн залуус минь уучлаарай. Дийлэнх цүнх баригч, пялдагуудын намтар ийм байгаа. Магадгүй тэд гүндүүгүй, хүнд тусархуу, муу юм үзээгүй, эвдрээгүй байдаг тул луйварчдад амархан ашиглагдаж нөлөөнд нь автдаг биз. Удирдлагын академийн багш нар иймэрхүү боловсрол, мэдлэггүй төрийн удирдлагын менежер олон зуугаар үйлдвэрлэсэндээ ичих хэрэгтэй.
Ажлын гараагаа мэргэжилтнээр эхлээд гишүүний туслах, даргын зөвлөх хийж байгаад яамны газрын дарга, ТНБД, төрийн өмчийн компанийн дарга болж суга дэвшиж байсан хүмүүс энэ сонгуульд нэр дэвших магадлал өндөр байна. Тэд өөрийн толгойгүй, хэн нэгний заавраар хөдөлж, эзэддээ үйлчилж байсан шагналаа авахыг хүснэ.
Нэг удаа хувийн компанид ажиллаж, цалин тавьж үзээгүй боловч хөрөнгө оруулгын мэдүүлгийг нь харвал жигтэйхэн чинээлэг. Тэрбумын хадгаламжтай, олон компанийн хувьцаа эзэмшигч байх ба тэр нь улсын тендерт оролцож ашигтай төсөл авсан тохиолдол түгээмэл. Урд өмнө мөнгөний будлианд оролцож, хуулийн байгууллагаар шалгуулж байсныгаа улс төрийн зорилгоор хэлмэгдэж явсан мэтээр хуучилна. Гадаадад хэдэн хоногийн семинарт сууснаа сургууль төгсөөд ирсэн мэт намтартаа бичнэ. Тэр зардал сургалтын төрийн сан юм уу, төрийн өмчийн компаниас гарсан байх нь түгээмэл.
3. Үг яриа, үйл хөдлөл
Бараг бүгд популистууд. Төрөөс халамж, тусламж үзүүлэх тухай баруун солгойгүй бурна. Ард иргэд ядуу байгааг далимдуулан хамгийн их хүсдэг зүйл болох өндөр цалин, орон сууц амлана.
Монгол улсын баялагын тоо хэмжээг биржийн үнээр үржүүлж самбар дээр бодохыг эдийн засаг гэж ойлгодог. Түүнийг ухаж гаргах, тээвэрлэх, боловсруулах зардлыг санхүүжүүлэх шийдэл, гаргалгаа байхгүй. Эдийн засаг бол 4 аргын тоо биш, бүтээмж дээшилж байж бодит цалин өсдөг гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн загвар гаргахад хүн ам, боловсрол, бүтээмж, дэд бүтэц, түүхий эдийн үнийн мөчлөг гэх мэт маш олон нөхцлийг харгалзах учиртай.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг луйварчид, шулаачид гэж хараана. Хөдөө очихоороо уул уурхай нутгийг минь сүйтгэж байна, Оюу толгойн гэрээ зууны луйвар байсан гэх мэтээр хүмүүсийг үймүүлнэ. Хүссэн хүсээгүй ойрын 10 жилд хариуцлагатай уул уурхай бидний экспортын гол эх үүсвэр хэвээр байх ба гадны хөрөнгө оруулалт түүнийг биелүүлэх хэрэгсэл юм.
Эрүүл мэнд, боловсролын тогтолцоог өөрчлөх, сайжруулах гэдгийг улсаас бүх төлбөрийг даах гэж явцуу ойлгодог. Түүнээс өөрөөр сэтгэх чадваргүй. Зардал бууруулах, цаг хэмнэх санаачлага дэмждэггүй. Шинэ төсөл, хөтөлбөр санаачилж мөнгө идэх шалгарсан аргатай. Дахин сонгогдохын тулд халамж тараах, мөнгө цацах, зээл тэглэх зэргээр улсын санг хоослохоос сийхгүй.
Дээдэст пялдага, доодост даргамсаг. Өрсөлдөгчөө намнадаг, өөрсдийгөө зусарддаг хэвлэл мэдээлэл, хөлсний жиргээчдийн армитай. Сонгуулийн луйврыг гардан хийдэг хороон дарга, ухуулагчдын бүлгийг байгуулж, Хайнань, Улаан-Үүд, Манжуурт аялуулж авилгадсан. Түүнийгээ ЖДҮ, бусад төрийн санг цөлмөсөн мөнгөөр санхүүжүүлсэн байх өндөр магадлалтай. Энэ хүмүүс мөнгөнөөс илүү бидний хүсэл мөрөөдөл, ирээдүйг хулгайлж байгаа нь хамгийн хорлонтой.
Шударга шүүмжлэл, үндэстэй няцаалт хэлсэн хүнийг эсрэг намын явуулга, ашиг хайсан бүлэглэлийн захиалга, нэр дэвшихийг горилогч гэж хардаг. Хүн яаж эвдэрснээрээ л ойлгодог гэсэн Орос ардын үг бий. Намайг ч гэсэн энэ нийтлэлээр нэр хүнд олж, гишүүн болох горьдлоготой гэх биз. Над шиг мөнгөгүй, нам бүлэглэлд харьяагүй хүн нэр дэвшиж, сонгогдох боломжгүй тогтолцоо бүрэлдээд байгааг би мэдэлгүй дээ. Энэ нь арай дөнгүүр юм гэж дугуйлаад лав 4 сонгууль өнгөрчээ.
Одоо худалч, хулгайч, дуучин, бөх, уяач, яруу найрагч, сэтгүүлч, популист эдийн засгийн алуурчдыг сонгодогоо болих цаг биш үү? Тэдний яриаг дахиж сонсох ч хэрэггүй, тэд түүхийн хог дээр хаягдаг. Энэ байдлаараа Монгол улс дараагийн Венесуель болж, эдийн засаг, улс төрийн тусгаар тогтнолоо алдах цаг хаяанд ирлээ. Энэ оронд малчид, төрийн албан хаагчид нь үлдэж хоцроод, сэхээтнүүд нь гадаад руу урсаад дуусах тавилан хүлээж байна. Улс төрчдийн оронд хуульч, эдийн засагч, эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийнхээ үгийг сонсохыг уриалж байна.
4. 2020 оны сонгуульд өрсөлдөх зөв хүн хэн бэ?
Энэхүү урт нийтлэлийг уншиж энэ хүргэсэн эрдэмт хүн та даруу байж болохгүй цаг үе ирлээ. Эрдэм чадалгүй нь энэ улсын ирээдүйг самрахыг хараад сууж тэвчишгүй байна. Улс төрийн нам болгонд байгаа эх оронч, шударга сэхээтэн залуус та бүхэн дотоод сунгаандаа ялан дийлж, бусдыгаа манлайлж төлөөлөх, боловсролтой, чадалтай нэгийгээ дэмжээд нэр дэвшүүлээд гаргаад ирээч. Бидний хойч болсон залуу үе, улс орныхоо төлөө зөв өөрчлөлт хийхийг хүсдэг дунд үе, эх орныхоо ирээдүйд санаа зовдог ахмад үе бүгд та нарыг дэмжинэ.
Энэ сонгуулиар нэр дэвших зөв хүн бол оюунлаг, эх оронч, сэхээтэн залуус Та нар юм.
Сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрсдийнхөө төлөө өөрчлөлт хийхийг бүгдэд нь уриалж байна. 2020 оны сонгууль Монгол улс мандан бадрах, цэцэглэн хөгжих итгэлийг авчрах эхлэл байгаасай.
Хүндэтгэсэн,
Австралийн үндэсний их сургуулийн магистр,
Хөгжлийн эдийн засагч,
Ц.Лут-Очир