Эбола вирусын эсрэг эм коронавирусийн эсрэг үр дүнтэй байна
Ремдезивир нэртэй туршилтын эмийг хэрэглэсэн коронавирусын халдвар авсан өвчтнүүд богино хугацаанд эдгэрч гарч байгаа тухай Америкийн эрүүл мэндийн statnews.com сайтаас мэдээлж байна.
Ремдезивир эмний клиникийн туршилтанд орж буй өвчтнүүдэд бүгдэд нь амьсгалын замын цочмог үрэвслийн шинж тэмдэг илэрч, өндөр халуурч байсан ба Ремдезивир эмийг ууснаар тэдгээр өвчтнүүд долоогоос ч бага хоногийн дотор эдгэж, эмнэлгээс гарсан тухай клиникийн туршилтыг удирдаж буй эмч онцолсон байна. Чикагогийн их сургуулийн халдварт өвчин судлаач, Ремдезивир эмийн клиникийн туршилтыг удирдаж буй Кэтлин Муллан, "Сайн мэдээ гэвэл туршилтанд орсон өвчтнүүдийн маань дийлэнх нь эдгээд, эмнэлгээс гарсан.
Одоо эмнэлэгт хоёр л өвчтөн үлдээд байна." гэжээ. Тэрээр Ремдезивир эмийн клиникийн туршилтын албан ёсны үр дүн гартал яаран мэдэгдэл хийхийг хүсэхгүй байгаа гэдгээ онцолсон байна. Одоогийн байдлаар коронавирусээр үүсгэгддэг КОВИД-19 өвчнийг эмчлэх батлагдсан эмчилгээ байхгүй байгаа ба халдвар авсан иргэд уушгины хатгалгаа, амьсгалын цочмог үрэвслээр хүндрэх нь элбэг байгаа билээ. Америкийн Үндэсний Эрүүл мэндийн институт нь Ремдезивир эмнээс гадна КОВИД-19 өвчний эсрэг олон төрлийн эм, эмчилгээг туршиж үзэж байгаа аж.