Японы Ерөнхий сайд Абэ Шинзо коронавирусийн халдварыг бууруулах зорилгоор 6 мужид тогтоогоод байсан хөл хориогоо орон даяар болгон өргөжүүлжээ. Энэхүү шийдвэрийн нөлөөгөөр 126 сая орчим хүн амтай тус улс бүхэлдээ хөл хорионд орж байгаа юм. Үүний хажуугаар Японы засгийн газар иргэн бүрт 100 мянган иен олгох болсон билээ.
Шинзо Абэ энэ талаар "Бид халдварын тархалтыг бууруулах зорилгоор ийм шийдвэр гаргасан болно. Тиймээс ард иргэдээ хүлээцтэй байж өөрсдийн болоод бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөхийг хүсье" гэсэн байна.
Хүмүүс хоорондын хавьтлыг хамгийн багадаа 70 хувь, цаашлаад 80 хувь хүртэл бууруулахад ирэх тавдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх онцгой байдал чухал ач холбогдолтой гэж тэрбээр хэлсэн байна. Дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилдэг баярын амралтаар Японы олон иргэн төрсөн нутагтаа очиж, аялж зугаалдаг юм. Энэ жилийн амралт тавдугаар сарын 6-нд дуусах ажээ.
Эх сурвалж: Nippon