ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн халдварын улмаас Ялалтын баярын жагсаалыг хойшлуулж байгаагаа аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр мэдэгджээ.
Тэрбээр "Одоогоос сар хүрэхгүй хугацааны дараа Ялалтын баяр болно. Харамсалтай нь бид одоо маш хүнд сорилттой тулаад байна. Хэдийгээр 5-р сарын 9-ны өдрийн баяр бидний хувьд ариун өдөр боловч ард түмний маань амь нас, аюулгүй байдал юунаас ч илүү үнэтэй. Бид мэдээж Ялалтын баяртаа бэлдэнэ. Гэхдээ энэхүү тахлын оргил үе өнгөрөх болоогүй байна. Тиймээс батлан хамгаалах яам Улаан талбай болон орон нутгуудад болох баярын жагсаалыг хойшлуулах үүрэг өгч байна." гэж мэдэгджээ.
Ийнхүү Дэлхийн 2-р дайн буюу Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан тэмдэглэхээр төлөвлөж байсан олон нийтийн бүх арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа юм.
Гэхдээ Ерөнхийлөгч Путин Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн бүх арга хэмжээ энэ жилдээ багтаж зохион байгуулагдана гэдгийг цохон тэмдэглэжээ.