“Apple” компани хямд “iPhone SE” загвар худалдаанд гаргана
"Apple" компани хоёрдугаар үеийн "iPhone SE" загварын ухаалаг утсаа 2020 оны 4-р сарын 24-өөс худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа зарлалаа. Энэхүү утас нь бусад "iPhone" загварыг бодвол хамаагүй хямд үнэтэй байх юм байна.
64 GB багтаамжтай нь 399 ам.доллар, 128 GB багтаамжтай нь 449 ам.доллар, 256 GB багтаамжтай нь 549 ам.доллараар тус тус худалдаанд гарах юм. Мөн худалдан авсан хэрэглэгч бүрт телевиз болон видео стрийминг "Apple Tv Plus" үйлчилгээний нэг жилийн эрх үнэгүй дагалдах гэнэ.
4.7 инчийн дэлгэцтэй уг гар утас нь хамгийн сүүлийн үеийн загвар болох “iPhone 11”-ээс /6.7 инч/ жижиг хэмжээтэй хэдий ч “iPhone 11 Pro”-гийнхтэй ижил хурдтай процессортой бөгөөд “Retina HD” дэлгэц, хурууны хээ мэдрэгч товчлууртай байна.
“Apple” компанийн хамгийн том зах зээлүүдийн нэг болох Хятадад энэ оны хоёрдугаар сард 500 мянга орчим “iPhone” гар утас худалдаалагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 60 гаруй хувиар буурчээ. Цар тахал “Apple” компанийн энэ оны төлөвлөгөөнд ихээхэн нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Түүнчлэн зарим ажиглагчийн үзэж буйгаар, “Apple” жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах арга хэмжээгээ хойшлуулж магадгүй ажээ.
Эх сурвалж: insider