Ж.Амгалан: Иргэд цахим картаар тодорхой маршрутаар ажилдаа явдаг хэлбэрийг судалж байна
УОК-ын шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Нийслэлд 1600 орчим олон нийтийн цагдааг ажиллуулахаар хотын захиргаа болон Нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэсэн. Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллана.
Амны хаалт зүүгээгүй иргэдийг Гамшгаас хамгаалах хууль зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгоно. Хорио цээрийн дэглэмийг сахиулахад олон улсын туршлага буюу цахим үнэмлэхийн хэлбэрт шилжих талаар мөн судалж байгаа. Хэрэв үр дүнтэй байвал иргэд цахим картаар тодорхой маршрутаар ажилдаа явдаг журамд шилжинэ.