Шинэ Зеландын Ерөнхий сайд коронавирусийн үед бизнес эрхлэгчдээ яаж дэмждэгийг харууллаа
Шинэ Зеландын засгийн газар бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс 10 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Үүгээр тэтгэврийн насны хүмүүс, бага орлоготой гэр бүлүүд болоод үйл ажиллагаа нь доголдоод байгаа аж ахуй нэгжүүдийг санхүүжүүлэх юм байна.
10 тэрбум ам.доллар нь тус улсын ДНБ-ын 4 хувьтай тэнцэх хөрөнгө бөгөөд энэ нь АНУ, Их Британи, Хятад зэрэг томоохон орнуудын хэрэгжүүлж буй эдийн засгийн дэмжлэгээс хамаагүй өндөр дүн юм.
Тус улсын Сангийн сайд Грант Робертсон "Эдийн засгийн хямрал нүүрлэх нь тодорхой болоод байна. Тиймээс бид удахгүй ирэх хүнд цаг үеийг давж гарахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Манай улсын эдийн засгийн бүх салбар хүнд цохилтод өртөх болно. Энэ бол бидний цорын ганц авч хэрэгжүүлэх арга хэмжээ биш. Бид илүү өргөн цар хүрээг хамарсан шийдвэр ирээдүйд гаргана." гэж хэлжээ.
Хэдийгээр Шинэ Зеландад ердөө 1,084 коронавирусийн тохиолдол илрээд байгаа ч эрх баригчид халдвар тархахаас сэргийлэхийн тулд маш шийдэмгий арга хэмжээнүүд авч байгаа юм.
Шинэ Зеланд газарзүйн байршлын хувьд тусгаарлагдмал, цөөн хүн хүн амтай (5 сая орчим) байгаа нь халдварыг хязгаарлахад давуу тал болж байгаа ч Ерөнхий сайд Жасинда Ардерны манлайлал, оновчтой шийдвэр үр дүнгээ өгч, шинэ зеландчууд ч талархалтай хандаж байна.