Ноолуур, цаг уурын өөрчлөлт нүүдэлчин ахуйд заналхийлж байна
“ВВС” агентлагийн Бетт Тимминс цаг уурын өөрчлөлтөөс гадна ноолуур Монголын нүүдэлчин ахуйг хэрхэн өөрчилж эхэлсэн тухай нийтлэлдээ дурджээ. Монгол орны газар нутгийн дөрөвний гурав орчим хувийг өргөн уудам тал эзэлдэг. Нүүдэлчин малчид олон зууны турш уламжлалаа хадгалсаар иржээ.
Гэхдээ энэ ертөнц сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөж байна. Нэгэн цагт нүүдлийн бүс байсан газрын 70 орчим хувьд өдгөө бэлчээрийн даац хэтэрчээ. Үүний гол буруутан нь малчдын амьжиргааг залгуулдаг ноолуурын эх үүсвэр болох ямаан сүрэг юм. Хониноос ялгаатай нь ямаа өвс ургамлын үндсийг идэж, дахин ургах боломжгүй болгодог. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны өвс ургамал хагдарч, газар нутгийн дөрөвний нэг нь цөлжжээ. Монголд сүүлийн 70 жилийн хугацаанд дулаарал нэмэгдсэн ба дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Дорнод аймгийн малчин Батмөнх “Намайг хүүхэд байхад өвс ногоо өндөр ургадаг, бороо их ордог байсан” гэж хуучилсан юм. Тэрбээр 1000 орчим малтай бөгөөд ноолуурын чиглэлийн 300 гаруй ямаатай аж. 1990 онд Монгол Улс коммунизмаас ардчилал руу тайван замаар шилжсэнээс хойш тус улсад ямааны тоо толгой өссөн нь дэлхийн зах зээл дэх ноолуурын эрэлттэй холбоотой. 1999-2019 онд ямаан сүрэг дөрөв дахин өсч долоон саяаас 27 саяд хүрчээ. Монголын малчин айл бүхэн ямаатай. Тансаг ховор түүхий эд болох ноолуураар хийcэн хувцас загваруудыг Их Британи, АНУ болон бусад хөгжингүй орнуудын “High Street буюу дээд зэрэглэлийн дэлгүүр болон цахим худалдааны сайтаас худалдан авах боломжтой. Дэлхийн зах зээл дээр ноолуурын ханш 1980-аад оноос хойш 60 хувиар өссөн.
Ноолууран хувцас зах зээл 2.5 тэрбум фунт стерлингээр үнэлэгдэж байгааг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн тайланд дурджээ. Энэ тоо 2025 оны эцэс гэхэд 3.5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Монгол Улс энэ зах зээлд Хятад дараа ордог хоёр дахь том түүхий үйлдвэрлэгч орон юм.
Харин дотооддоо зэс, алтны дараа экспортын хэмжээгээрээ гуравдугаарт ордог. Өнгөрсөн жил ноолуур нэг килограмм нь дунджаар 130 мянган төгрөг (36 фунт стерлинг) байжээ. Одоогоор Монголын түүхий ноолуурын үйлдвэрлэлийн 90 орчим хувийг Хятадын брокерууд эзэмшдэг. Өөрөөр хэлбэл монголчууд Хятадад үйл ажиллагаа явуулдаг боловсруулах үйлдвэрлэлийн компаниудад түүхий эдээ хямд худалддаг тухай Тогтвортой холбооны нийгэмлэгийн зөвлөх Зара Моррис-Трейнор хэлсэн байдаг. Тус байгууллага “Burberry”, “J Crew”, “M&S” зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг юм. Хятадын боловсруулах компаниуд түүхий ноолуурыг угааж цэвэрлээд дараа нь боловсруулалт хийж оёдлын үйлдвэрүүдэд нийлүүлдэг.
Монголд боловсруулах үйлдвэрүүд байгуулбал малчид ноолуураа зах зээлд өндөр үнээр борлуулах боломжтой. Бидний уулзсан малчин Батмөнх нийслэл Улаанбаатар хотод шинэ боловсруулах үйлдвэр байгуулах зорилгоор блокчейн технологийг ашигладаг туршилтын ажилд оролцож байна. Малчид гар утасны аппликейшн ашиглан ноолуурын борлуулалтыг бүртгэдэг. Энэхүү аппликейшнийг Торонтод төвтэй “Convergence Tech” компани бүтээсэн бөгөөд энэ нь Монгол Улсын зүүн гурван аймагт НҮБ-тай хамтран санаачилсан төсөл юм. Өөрөөр хэлбэл бэлчээрийн талбайгаас олборлолтоо хязгаарлах гэсэн санаа. Оксфордын их сургуулийн Газар зүй, хүрээлэн буй орчны сургуулийн шинжээч, доктор Трой Стернберг томоохон загварын брэндүүдийг байгаль орчинд ээлтэй ноолуурыг сурталчлах ажилд тус дөхөм болохыг уриалжээ.
Тэрбээр “Колумбиас кофе нийлүүлэхтэй адил Монголын чанартай ноолуурын төлөөх өрсөлдөөн малчдын амьжиргаа, бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлж байна” гэсэн юм. Малчид уур амьсгалын өөрчлөлтийн суурь асуудлаас илүүтэй ноолуурын зах зээлийн өсөлтөд анхаарал хандуулж байгаа нь харамсалтай.
Нүүдэлчдийн амьдрал байгалиас хараат байдаг. Гэтэл ямааг өсгөж үржүүлж байгаа нь Монгол Улсын нутаг цөлжих байгалийн бус шалтгаан болж байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин