АНУ-ын Мичиган мужийн иргэд хөл хориог эсэргүүцсэн жагсаал хийжээ
Мичиган мужийн захирагч Гретчен Уитмер коронавирусийн дэгдэлтийн үеэр хүмүүсийг гэрээсээ гарахыг хориглосон тушаалыг эсэргүүцсэн хэдэн зуун иргэд мужийн захиргааны байрны гадаа эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Энэхүү жагсаалыг Мичиган мужийн консерватив эвсэл зохион байгуулжээ.
"Энэ хөл хорионоос болж олон газар хаалгаа хааж олон зуун хүмүүс ажилгүй болоход хүрээд байна. Мичиган мужийн хувьд хувьд эдийн засгийн сүйрэл болоход тун ойртсон" гэж эвслийн гишүүн Мешавн Маддок мэдэгдэв.
Тус мужид тогтсон хөл хорионы дагуу Мичиган мужийн оршин суугчдыг муж дахь нэг байшингаас өөр байшин хооронд шилжих эсвэл моторт завь ашиглах, хивс, шал, тавилга, цэцэрлэгийн хэрэгсэл, будаг зэргийг худалдаалахыг хориглосон юм байна.
Мичиганаас АНУ-ын Конгрессод сонгогдсон Бүгд найрамдах намын зургаан гишүүн болох Фред Аптон, Пол Митчелл, Тим Уолберг, Билл Хуизенга, Жон Моуленаар, Жек Бергман нар Мягмар гарагт мужийн захиргаанд "Томоохон салбаруудаа хаахын оронд дэг журамд өөрчлөлт оруулахыг уриалах" захидал илгээжээ. Тэдний үзэж байгаагаар эдийн засгийг дэмжихийн тулд хөл хориог цуцалж аж ахуй нэгжүүдийг вирусээс сэргийлэх тодорхой дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх олгох ёстой юм байна.
Бүгд найрамдах үндэсний хорооны дарга Ронна МакДаниэл мөн мужийн захирагч Гретчен Уитмер Мичиганыг "дарангуйлагчтай муж" болгон хувиргаж байна гэж жиргэжээ.