Владимир Путин коронавирусийн эсрэг хангалттай бэлтгэлтэй байгаагүй болохоо хүлээн зөвшөөрлөө
Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр аюулгүй байдлын зөвлөлтэйгөө цахим хурал хийх үеэр "Бид маш хүнд сорилттой туллаа. Бидэнд бахархах зүйл юу ч алга. Үнэндээ бид энэ өвчинтэй тулах бэлтгэлийг маш хангалтгүй хийсэн байна. Тиймээс өвчний оргил үе ирэх болоогүйг санах хэрэгтэй" гэжээ.
Оросын коронавирусын ажлын хэсгийн ахлагч Татьяна Голикова 3-р сарын дундуур Ерөнхийлөгч Владимир Путинд улс орон нь коронавирусийн тахлыг даван гарахад бэлэн болсон гэж мэдэгдэж байлаа. Тэрбээр Маскаас эхлээд агааржуулагч хүртэл Оросын эмнэлгүүд даяар хангалттай байгаа тул санаа зовох зүйлгүй гэж байжээ.
Тэгвэл хэдхэн долоо хоногийн дараа Москвагийн нэг том эмнэлгийн дарга коронавирусийн эсрэг тэмцэхэд хандив өгөхийг ард иргэдээс хүссэн байна. Тэрбээр эмнэлэгт нь хүнд өвчтэй хүмүүс ирсээр байгаа тул "нэг удаагийн материал, багаж хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байна" хэмээн мэдэгдсэн аж.
"Бид олон жилийн турш бүх зүйл болж бүтнэ гэсэн харцаар бүгдийг харсаар иржээ. Одоо харин үнэнийг нуух аргагүй боллоо." гэж "Созидание" хэмээн сайн дурын байгууллагын тэргүүн Езина Смирнова хэлэв.
Коронавирусийн халдвар гарсан цагаас эхлэн Орос улс энэхүү тахлыг ядах юмгүй сөрөөд гарна гэсэн байр суурьтай байв. Үүнд нь барууны орнууд хүртэл итгэж эхэлсэн бөгөөд тус улсад 3-р сарын сүүлч гэхэд 100-аас цөөн тооны шинэ тохиолдол бүртгэгдээд байсан учраас үнэхээр итгэхгүй байхын аргагүй байсан юм.
Ерөнхийлөгч Путин шууд л Хятадтай ойролцоох бүх хилээ хааж тус улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байх захирамж гаргаж байсан. Тэрбээр аль Зөвлөлт холбоот улсын үед тогтсон халдварт өвчинтэй тэмцэхэд чиглэсэн арга хэмжээг авсны хүчин чармайлтаар Итали, Испани, АНУ зэрэг орнууд шиг алдаа гаргалгүй энэхүү аюулт тахлаас улсаа авч гарч чадлаа хэмээж байсан юм.
Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд Орос улсад коронавирусийн тархалт эрчимжиж эхэлсэн билээ. Ердөө 2 долоо хоногийн дотор хэдхэн зуугаар тоологдож байсан халдвар авсан хүний тоо 24 мянга даваад байгаа төдийгүй нас барагсдын тоо 2 мянгад хүрэхэд ойрхон болоод байна.
Москва хот одоогийн байдлаар халдварын голомт болоод байгаа боловч бусад нутгуудаар ч мөн коровирус хурдацтай тархаж эхэлж байгааг эмч нар анхааруулжээ. Мөн тус хотын эмнэлгүүдийн гадаа түргэний машинууд өвчтөнөө оруулахаар маш урт дараалал үүсгэж байгаа зураг цахим орчинд цацагдаж иргэдийн айдсыг улам нэмэгдүүлсээр байна.
Хэдийгээр өвчний тархалт нэмэгдэж байгаа ч тус улсын засгийн газар иргэдэд "Санаа зовох хэрэггүй бүх зүйл хяналтад байгаа" гэсэн утгатай зүйлсийг хэлж байгаа юм. Үнэндээ Оросын бүх салбарын эмч мэргэжилтнүүд хүн хүч, нөөц бололцоо тун хомс байгаа талаар мэдээлсээр байна.
Энэ бүхний дунд Путин "Бид одоо байж болох хамгийн муу үр дагаварт бэлдэх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс бид хийж чадах бүхнээ хийх болно" гэж хэлсэн байна.