5G сүлжээ коронавирус тараадаг гэсэн цуурхалд итгэсэн хүмүүс үүрэн холбооны антеннуудыг шатаажээ
Коронавирус нь харилцаа холбооны шинэ үеийн 5G сүлжээгээр тархдаг, идэвхэждэг гэсэн цуурхалд итгэсэн хүмүүс Их Британи даяарх шинээр баригдаж буй сүлжээний шинэ цамхгуудыг шатаасан хэрэг гарсан байна.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Ливерпүүл болон Бирменгхэм хотууд дахь 5G станцын цамхгийг галдан шатаажээ. Үүний зэрэгцээ сүлжээний инженерүүдийг хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх хэрэг удаа дараа гарч байгаа талаар цагдаагийн албанд гомдол ирсэн аж.
Жишээ нь Лондон хотод сүлжээний кабел тавьж байсан ажилчид руу нэгэн эмэгтэй дайрч коронавирусээр нас барсан гэр бүлийнх нь үхэлд тэднийг буруутгасан байна.
Мөн Фэйсбүүк компани сүүлийн өдрүүдэд коронавирусийг 5G сүлжээтэй холбоотой хэмээх худал мэдээллийг хэдэн зуугаар нь устгасан тухай мэдээлжээ.
Британийн засгийн газрын төлөөлөгч Майкл Гөүв саяхан болсон хэвлэлийн бага хурлын үеэр 5G технологитой холбоотой цуурхал нь ямар ч үндэслэлгүй болохыг мэдэгдээд сошиал сүлжээнд тарсан цуурхалд зарим хүмүүс итгэж, хууль бус үйлдэл гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.