"Сонгдо" эмнэлэгт үйлчлүүлсэн хоёр иргэний лабораторийн шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
Өчигдөр буюу 4-р сарын 14-нд “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт үйлчлүүлж байсан 40, 80 настай хоёр хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад коронавирусын халдвар эерэг гараад байв. Гэвч PCR буюу лабораторийн шинжилгээ авахад хоёр иргэнээс халдвар илрээгүй буюу шөнийн 01:30 цагт шинжилгээний хариу сөрөг гарсан тухай ЭМЯ мэдээлжээ.
Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй, шинэ коронавирусийг оношлох баталгаатай оношлуурт тооцохгүй байгаа гэдгийг албаны хүмүүс өмнө нь хэлж байсан билээ. "ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгоогүй, одоохондоо. Аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр бид сэжигтэй тохиолдлуудаас хамрын болон хоолойн арчдас аваад вирусийн геномын дараалал илрүүлэх PСR шинжилгээгээр л баталгаажуулж байгаа" гэж Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа өгүүлжээ.