Олон улсын валютын сан Гамшгийн хор уршгийг арилгах, тусламжийн сан (CCRT) -ийн хүрээнд гишүүн 25 улсад яаралтай санхүүгийн тусламж үзүүлэх болно гэж мэдэгджээ.
ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева хэлэхдээ тус сангийн хөрөнгөөр 25 оронд хамгийн багадаа зургаан сарын турш санхүүгийн тусламж үзүүлэх юм байна.
Тэрбээр "CCRT-д одоогийн байдлаар 500 сая ам.долларын нөөц байгаа, үүн дээрээс Их Британи 185 сая доллар, Японоос 100 сая ам.долларын хандив өгөөд байгаа бөгөөд түүний араас Хятад, Нидерланд зэрэг орнууд хандив өргөхөө амлаад байна. Тус сан удахгүй нийт 1.4 тэрбум ам.долларын санхүүжилт авах болно. Бид тусламжаа мэдээж хамгийн ядуу, буурай гишүүн орнууддаа хүргэнэ" гэж мэдэгджээ.
ОУВС дээрх хөрөнгөөр ирэх зургаан сарын хугацаанд эхний 25 улс руу буцалтгүй тусламж хэлбэрээр тараах бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан тэтгэмж авах хугацааг хоёр жилийн хугацаатай сунгах боломжтой гэж ОУВС-гийн төлөөлөгч мэдэгдэв.
Кристалина мөн бусад хандивлагч орнуудаас "CCRT"-г илүү том болгоход тусалж, сангийн ядуу гишүүн орнуудад хоёр жилийн туршид өрийг тэглэх үйлчилгээний нэмэлт тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлэхийг уриалав.