Коронавирусийн халдварыг дарах үүднээс дэлхий даяар хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл үүнээс болоод үйлдвэрүүд ажилгүй болж, тээвэрлэлт зогссон учраас дэлхий даяар бэлгэвчний хомстол бий болоод байна.
Дэлхийн хамгийн том бэлгэвч үйлдвэрлэгч Малайзын "Karex" компани энэ шалтгаанаас болоод үйлдвэрлэлийн хэмжээгээ багасгах шийдвэр гаргаад байна.
НҮБ-ийн зүгээс энэхүү шийдвэр нь "гамшгийн байдал"-д хүргэж болзошгүй хэмээн анхаарууллаа. Дэлхийн хамгийн том резин үйлдвэрлэгч болон бэлгэвчний зах зээлийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг Малайз улс өнгөрсөн сараас эхлэн улсын хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа юм. Тус улсад одоогийн байдлаар 4,817 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 77 хүн нас бараад байгаа юм.
Үүний уршгаар ирэх сар гэхэд дэлхийн зах зээл дээр ирэх сар гэхэд 200 сая ширхэг бэлгэвчний дутагдалд орох юм байна. Бэлгэвч нь НҮБ-ын зайлшгүй хэрэгцээтэй 10 бүтээгдэхүүний нэгд ордог учраас Малайзын засгийн газар болон олон улсын байгуллагууд тус компанид санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа. Харамсалтай нь хөл хорионоос болоод тус "Karex" компани нийтдээ 3 үйлдвэрээ хаагаад байгаа бөгөөд нөхцөл байдал илүү хүндэрвэл олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх асуудал хүнд байдалд орж дэлхийн бэлгэвчний зах зээл хямралд орох аюул нүүрлээд байна.
НҮБ-ын Хүн амын сангийн мэдээлж байгаагаар коронавирусийн нөлөөнөөс болж бэлгэвчний нийлүүлэлт өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 50-60 хувьд л хүрж байгаа аж. НҮБ-ын Хүн амын сангаас “бэлгэвч болон бусад жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн дутагдал нь төлөвлөгдөөгүй жирэмслэлтийг ихэсгэхэд хүргэж, насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүд, хамтрагч, гэр бүлийн хүмүүсийн хувьд эрүүл мэнд, нийгмийн хувьд сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй байгаа бөгөөд энэ нь аюултай үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин, ДОХ вирусийн халдварыг нэмэгдүүлж болзошгүй юм” хэмээн анхааруулж байна.
Эх сурвалж: insider.com