1990 онд бид Ардчилсан нам шударга ёс дээр суурилсан чөлөөт нийгэм байгуулахыг мөрөөдөж байв. Харамсалтай эрхэмлэн дээдлэх үнэт зүйл ч үгүй үлгэн салган нам болжээ дээ зайлуул. АН-ын хувьд үнэт зүйл, үзэл санаа үзээд өгье ч гэсэн алга. Зөвхөн мөнгө л ярина, мөнгө шүтнэ. Хурал энэ тэр нь чи хулгайч, би биш гэсээр дуусах юм билээ.
ҮБХ-нд дэвших санаатай залуу аймаг, дүүргийн хэсэг дээр яваад очино. Тэнд дүүрэг, хэсгийн дарга хэдэн авгай нар хачиг хувалз шиг сороод сууцгааж байна. Наад зах нь заалны түрээс, гишүүд дэмжигчид цуглуулах унаа, хоолны мөнгөнөөс эхлээд санал өгөх нөхдөө авлигадана. Намдаа мөнгө тушаах эрхээ аваад дүүрэг, хэсэг дээрээ соруулна. Бүр аймаг, дүүрэг хорооны дарга болохын тулд мөнгө тараана. С.Эрдэнээг та нар сайндаа намын дарга болсон гэж санаж байна уу. Үгүй дээ бүх дүүрэг, хороодод мөнгө тараагаад өгчихдөг юм билээ. Р.Амаржаргал, Н.Алтанхуяг гээд бүгд тараасан ч арай л багадсан биз дээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ С.Эрдэнийн нэхээд байгаа 400 сая төгрөгийг төлөх бололцоогүй гэдгээ зарлалаа. Тэгэнгүүт л С.Эрдэнээг өмөөрсөн авгай нар Д.Мөнх-Эрдэнийг барьж идэх нь. Уг нь бол ийм шударга үгтэй, далд муулаад байдаггүй залуусыг АН дэмждэг байлаа. Бүр хүрээлээд аваад явдаг байв.
Гэтэл одоо "АН-ын хаалгаар шагайлгахгүй, хөөнө тууна" ч гэх шиг. Энэ нам С.Эрдэнийн байрыг түрээслэж байгаа болохоос өмч биш. Бид бүгдээрээ, их цаашилбал Монголчууд АН-ыг байгуулсан юм. Монголчууд ардчилалд хайртай хэвээрээ байгаа. Харин Ардчиллын нэр барьсан, шимэгчид, мөнгөнөөс өөр юм бодохоо байсан С.Эрдэнэ мэтийн нөхдийг туулгадахгүй бол цаашид оршин тогтоноход хэцүү болжээ гэдгийг үйл явдал харуулав.
Мөнгөний хэрүүлтэй айл өрх ч өөдлөдөггүй гэдгийг хаана хаанаа бодох болж дээ.
Б.Жаргалсайхан