“Covid-19” агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
“Covid-19”-д хамгийн их өртөж байгаа нь агаарын тээврийн салбар. Халдвар хэзээ зогсч, ирээдүйд агаарын тээврийн дүр зураг хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг сорилт дэлхий нийтэд тулгарч байна.
IATA УЛС ОРНУУДАД ГУРВАН ТӨРЛИЙН ЗӨВЛӨМЖ ӨГЧЭЭ
Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ноос гаргасан тооцоо судалгаагаар дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 2020 оны зорчигч эргэлт 38 хувиар буурч, алдагдал 400 тэрбум ам.доллар болох төлөвтэй байгааг хэдхэн хоногийн өмнө мэдэгдлээ. Дэлхийн томоохон авиа компаниудын дийлэнх нь дампуурлаа зарлахад бэлэн болоод байна.
Олон улсын агаарын тээврийн холбооноос хоёрдугаар сард өөдрөг төсөөллөөр харахад наймдугаар сарын сүүлчээр агаарын тээвэр хуучин хэвэндээ орно гэж байсан бол одоо нөхцөл байдал улам хүндэрлээ.
Олон улсын агаарын тээврийн холбоо гуравдугаар сарын дунд хүртэл хоёр янзын төсөөлөлтэй байв. Дэлхийн агаарын тээврийн алдагдал багадаа 62-113 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэж тооцоолж байсан бол сүүлдээ 256 тэрбум, сүүлийн өдрүүдэд алдагдлыг 400 тэрбум ам.доллар болж байна гэдгийг мэдэгдлээ. Олон улсын агаарын тээврийн холбооноос агаарын тээвэрлэгчид болон улс орнуудын Засгийн газарт зөвлөмж өгч гурван төрлийн дэмжлэг яаралтай үзүүлэхгүй бол нөхцөл байдал улам хүндрэхийг сануулжээ. Нэгдүгээрт, шууд хөрөнгө оруулалт, хоёрдугаарт, банкны хөнгөлөлттэй зээлд хамруулж бонд гаргахыг зөвшөөрөх, гуравдугаарт, дотоодын татвар хураамжаас чөлөөлж, хойшлуулах санаачлагыг гаргаад байгаа юм. Улс орнууд эхнээсээ арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгаа бөгөөд ICAO, олон улсын агаарын навигацын байгууллагаас агаарын тээвэрлэгчдийг дэмжих хэд хэдэн санаачлага, уриалга гаргасан байна.
ИНЕГ: ТӨСВИЙН ОРЛОГО 80 ТЭРБУМААР БУУРНА
Хямрал 2021, 2022 он хүртэл үргэлжлэх судалгаа гарч байгаа энэ үед манай улсын хувьд ч агаарын тээврийн салбар хүнд цохилтод ороод байна. Зөвхөн иргэдийг татан авах онцгой үүргийн нислэгээс өөрөөр олон улсын хуваарьт нислэгүүд бүрэн зогссон. Ямар ч орлогогүй мөртлөө агаарын хөлгийн түрээс, ажилчдын цалин зэргээр тогтмол зардал гардаг байна. МИАТ компанийн хувьд 700 гаруй ажилтнаас 100 гаруйг нь амраасан. ИНЕГ одоогоор бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Онцгой байдалд шилжсэнтэй холбоотойгоор Чингис хаан нисэх буудлыг 23:00-06:00 цаг хүртэл хааж цагийн хязгаарлалтад оруулжээ.
Хоёрдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл агаарын тээврийн компаниуд 771 нислэг хийхээр төлөвлөснөөс 203 удаа нисч 568 нислэг цуцлагдсан. Өөрөөр хэлбэл, олон улсын нислэг 73 хувиар буурсан гэсэн үг. Орон нутгийн хувьд хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 28 хүртэл 316 нислэг хийхээс 261 нислэг хийж хуваарьт нислэг 17.4 хувиар буурсан. Тоон мэдээллээс харахад эхний гурван сарын байдлаар 340-360 мянган зорчигч тээвэрлэдэг байсан бол энэ жил 130 мянган иргэнд үйлчилсэн байна. Үүний 80 гаруй мянга нь нэгдүгээр сард байсан бол гуравдугаар сард 6000 хүн тээвэрлэсэн байх жишээтэй. Үүнээс харвал зөвхөн өнгөрсөн хоёр сарын хугацаанд л гэхэд 600 гаруй нислэг цуцлагдаж, төсвийн орлого 80 тэрбумаар буурах тооцоолол гарчээ. Түүнчлэн гол орлогоо бүрдүүлдэг дамжин өнгөрөх нислэг 55-60 хувиар буурах төлөвтэй байгааг албаныхан хэлж байна.
ИНЕГ-аас агаарын тээвэрлэгчидтэй хуралдаж хүндрэлийг давах шийдэл санаануудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байгаа юм. Зам тээврийн хөгжлийн яам, МИАТ, ИНЕГ-аас олон улсын агаарын тээврийн холбооноос санал болгож байгаа бэлэн мөнгө, бага хүүтэй зээл, татварын хөнгөлөлтүүдэд хамруулах саналыг тавьжээ. Мөн энэ үеэр төлөвлөгөө ёсоор долдугаар сарын 1 гэхэд шинэ нисэх буудал руу нүүх ёстой. Нүүхэд тээвэрлэгч компани бүрт нэлээдгүй хөрөнгө шаардлагатай учраас Засгийн газраас тусламж хүссэн байна.
ТҮРЭЭСИЙН ХУГАЦАА ХОЙШЛУУЛСАН Ч ХҮҮ БОДОГДОХ ЭРСДЭЛ ХҮЛЭЭЖ БАЙНА
-МИАТ компани Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэгээр 4099 иргэнийг эх оронд нь авчирсан байна. 1938 иргэнийг авчирч 2127 иргэнийг гадаад руу тээвэрлэжээ. Энэ тоонд Ухань хотоос оюутнуудыг авчирсан болон Ерөнхийлөгчийн Хятад руу хийсэн айлчлалын нислэг багтаж буй юм. Тусгай үүргийн нислэг МИАТ компанийн Боинг 767 онгоцоор хийгдэж байгаа бөгөөд энэ онгоц ачаа, хүн тээврийн холимог онгоц учраас арваад тонн ачаа авчрах боломжтой юм. Эхний ээлжинд эрүүл мэнд, хүмүүнлэгийн тусламжийн ачаануудыг авчирч байгааг албаныхан хэллээ. Манай улсын хувьд агаарын тээврийн салбар хүндэрч байгаагийн бас нэг шалтгаан нь урт хугацааны болон түрээсийн онгоц ашигладагтай холбоотой.
Тодруулбал, “Аэро Монголиа” компанийн хоёр онгоцноос бусдыг нь түрээсээр ашигладаг бол МИАТ компанийн урт хугацааны зээлээр авсан онгоцны төлбөр өнөөг хүртэл дуусаагүй байна.
Харин онцгой нөхцөлд онгоцны татвар түрээстэй холбоотой асуудал ямар байгаа талаар ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр “Ер нь бол “Аэро Монголиа” компанийн хоёр онгоцноос бусдыг нь түрээсээр ашигладаг. МИАТ компани 2013 онд худалдаж авсан БОИНГ 767 онгоцнуудын зээл дуусаагүй байгаа. 2022 он өнгөрч байж дуусах байх. Түрээсийн онгоцны хувьд төрлөөсөө хамаараад өөр. Хямрал дэлхий нийтийг хамарсан учраас түрээслүүлэгч байгууллага хөнгөлөлт үзүүлэх боломж хомс байна. Түрээсийн гэрээн дээр өнөөгийн нөхцлийг онцгой гэж үзэх үү гэдэг асуудал ч бий. Мөн хугацааг нь хойшлуулах дэмжлэг үзүүлж байгаа ч түрээсээс чөлөөлөх боломжгүй. Зарим нь түрээсийн төлбөрийн хугацаагаа сунгасны хүү бодогдох зэргээр хүндрэлтэй зүйлс байна” гэсэн юм. Түүнчлэн зогсоолоосоо хөдлөхгүй жил гаруй болж буй МИАТ компанийн “Вoeing 737-8МАХ” онгоцын төлбөрийн асуудалд олон нийт эргэлздэг. Харин “Вoeing 737-8МАХ хөлгийн хүндрэл коронавирусын нөхцөл байдалтай холбоогүй. Агаарын хөлгийн гэрчилгээжүүлэлт анхнаасаа буруу олгосон гэдгээр Америкт шалгагдаж байгаа юм билээ. Дахин гэрчилгээжүүлэх ажил удаашралтай байна. Энэ асуудал хэзээ шийдэгдэж Вoeing 737-8МАХ үйлчилгээнд гарах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. МИАТ компани Вoeing-оос дундын компаниар дамжуулан түрээсэлсэн. Гэрээ хүчинтэй хэвээр байгаа гэж ойлгож байгаа. Энэ талаар МИАТ компани илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх” гэдгийг хэллээ.
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр: 50 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭСЭН
-"МИАТ компани өнөөдрийг хүртэлх тусгай үүргийн бүх нислэгүүдээ өөрийн хөрөнгөөр хийсэн. Нэгдүгээр улиралд бид 90 тэрбумын орлого төлөвлөсөн байснаас 50 орчим тэрбумын орлогын төлөвлөгөө тасарсан. Онгоцны агааржуулагчийг нислэг бүрд солих шаардлагатай болсон. Энэ маш өндөр үнэтэй. Мөн нэг удаагийн хэрэгсэл, амны хаалт гэх мэт зардлаас болж 52 тэрбумын зардал гарсан. Мөн онгоцны түрээс болон гэрээгээр хүлээсэн үүргээ төлөх шаардлагатай 44 тэрбумын өр, төлбөр үүсчихсэн хүнд байдалд байна. Хамтран ажилладаг гадаад, дотоод бүх байгууллагадаа хандан, дэмжлэг хүссэн. Захиалгат ажил гүйцэтгэхээр ажил хайж, тендерт оролцохоор саналаа хүргүүлсэн. Энэ тохиолдолд суудлуудаа авч, ачаа тээвэрлэнэ. Төр засгаас үндэсний тээвэрлэгч компаниа дэмжих цаг болсон.
ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр: БЭЛЭН МӨНГӨ, БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ХҮССЭН
-Ерөнхий сайдын зүгээс бидний санал болгосон тусламж дэмжлэгийг Сангийн сайдтай ярилцахаар болж хүнд бэрх цаг үед ИНЕГ болон МИАТ ТӨХК үүргээ гүйцэтгэн сайн ажиллаж байгааг онцолсон.
Салбар дотроо бол хөөрөлт, бууралт, агаарын навигацын хураамжид тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх санал дэвшүүлсэн.Нислэг зогссоноос гадна тийзийн буцаалттай холбоотойгоор хамгийн түрүүнд бэлэн мөнгөний хомсдолд орж байна. Мөн банкуудаас бага хүүтэй зээлийн дэмжлэг хүссэн.
Дэлхийд шатахууны үнэ буурч байгаа энэ үед нөөцөлж авах талаар импортлогч компаниудтай ярилцаж, хүндрэлтэй үед үнийг түр хугацаанд хямд тогтоох хүсэлтийг тавилаа. Ер нь бол нислэг сэргэх үеийн болон сэргэтэл гэсэн хоёр хувилбараар дэмжлэг хүсч байна.
Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/ -ноос гаргасан мэдээллээр бусад улс орнууд хүндрэлийг хэрхэн даван туулж байна вэ
АНУ
Агаарын тээврийн салбарт 58 тэрбум ам. долларыг зарцуулахаар төлөвлөсөн. Санхүүгийн дэмжлэгийг агаарын тээвэрлэгчдэд олгохдоо нислэгийн хуваарьт үндэслэн тогтоохоор болжээ.
БНХАУ
Буулт, зогсолт болон агаарын навигацийн хураамжийг бууруулсан. БНХАУ -руу халдварын үеэр нислэг үйлдсэн агаарын тээвэрчдэд нөхөн олговор олгож байна.
Австрали
715 сая австрали доллар буюу 430 сая ам.долларын тусламжийн багц олгож, тийзний буцаалт болон агаарын хөлгийн түлшнээс татвар авахгүй. Орон нутгийн нислэгийн агаарын навигацийн хураамж, бүс нутгийн нислэгийн аюулгүй байдлын хураамжийг чөлөөлсөн.
Бразил
Агаарын тээвэрлэгчдийг агаарын навигацийн хураамжийг хойшлуулах мөн тийз буцаалтын хугацааг 12 сараар сунгасан байна.
Сингапур
603 сая ам.доллар төсөвлөж нисэх буудлуудын хураамжийг хөнгөлж, газрын үйлчилгээг эрхлэгчид болон карго агентуудад туслахаар болов.
Швед, Дани
Үндэсний агаарын тээвэрлэгчидддээ 300 сая ам.долларын зээлийн баталгаа гаргаж өгсөн.
Норвеги
Агаарын тээврийн салбарт нийт 533 сая ам. долларын зээлийн баталгаа төрөөс гаргаж өгсөн.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин