ОУВС: Коронавирусийн нөлөөгөөр дэлхийн хүн амын тал нь ядууралд нэрвэгдэнэ
ОУВС-ийн захирал Кристалина Георгиевагийн анхааруулснаар коронавирусын цар тахлын улмаас энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт огцом буурч, хүн төрөлхтөн 1930-аад оны Их хямралаас хойших хамгийн гүн эдийн засгийн хямралтай нүүр тулах гэнэ. Түүний хэлж байгаагаар 2021 онд Дэлхийн эдийн засаг зөвхөн хэсэгчлэн сэргэх аж. Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор улс орнууд хөл хорио тогтоосноор олон тооны компаниуд хаалгаа барьж, ажилчдаа цомхотгоход хүрсэн билээ. НҮБ-аас мэдээлснээр коронавирусын халдварын тархалтыг бууруулах зорилгоор улс орнуудад тогтоосон хөл хорионы үеэр ажил хөдөлмөр эрхэлдэг дэлхийн 3.3 тэрбум хүмүүсийн 81 хувийнх нь ажлын байр хэсэгчлэн эсвэл бүр мөсөн хаажээ.
Коронавирусын цар тахлын улмаас үүсэх эдийн засгийн хямралд хөгжиж буй улс орнууд хамгийн ихээр өртөх ба эдгээр орнуудад хэдэн зуун тэрбум ам.долларын тусламж шаардлагатай болох гэнэ. ОУВС-аас 3 сарын өмнө гаргасан тооцоогоор 2020 онд 160 гаруй оронд хүн амын дундаж орлого өсөх хандлагатай байсан бол өнөөдөр энэ тооцоо эсрэгээрээ эргэж, энэ онд дэлхийн 170 гаруй оронд хүн амын дундаж орлого буурах төлөвтэй болоод байгааг онцолжээ. АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо 3 дахь долоо хоногоо дараалан өсч, ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо 16 саяд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор Америкийн Холбооны нөөцийн сангаас нэмэлт 2.3 их наяд ам. доллар гаргахаар болсон байна.
Их Британийн Оксфам хандивийн байгууллагаас гаргасан судалгаагаар коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас 500 сая хүн ядууралд өртөх ба коронавирусын цар тахал дуусах үед дэлхийн 7.8 тэрбум хүн амын тал нь ядуурлын түвшинд очих гэнэ. Өнгөрсөн пүрэв гарагт Европын холбооны удирдагчид коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас хамгийн их хохирол амссан Европын холбооны улс орнуудад 500 тэрбум ам. долларын тусламж үзүүлэх талаар зөвшилцөлд хүрчээ. НҮБ дахь Олон Улсын хөдөлмөрийн байгууллага коронавирусын цар тахлын улмаас дэлхий дахин Дэлхийн 2-р дайнаас хойших эдийн засгийн хамгийн гүн хямралд өртөнө гэдгийг анхааруулсан байна.