Бид эцэг эхээс арвуулаа бөгөөд бүгд л аргалын утаа боргилсон малчны гэрт мэндэлж, айл айлын самгачуул нар аавын хамт эх барьж, аав хаяагаа манаж, удаж төдөлгүй шинэ шөл гаргаж, хорвоогийн нэгэн монгол айлд үр хүүхэд, ам бүл нэмэгддэг намайг төрүүлсэн тэртээх жараад оны он жилүүд байв.
Хөлд орсноос хойш байнга л гадаа наранд зундаа харлаж өвөлдөө борлож байснаас аав ээжээс Мухар бор нэр хайрласан юм. Бага байхдаа их сониуч сахилгагүй, болохгүй гэсэн юмны цаана заавал гардаг, аавдаа загнуулдаг, ээжээрээ өмөөрүүлдэг хүүхэд байв.
Ямартаа аав тамхинаас гарангуут байхгүй хойгуур нь аавын 3000-ын үнэтэй хаш цагаан соруултай гаансыг хашаан дээр гозойлгож тавьчихаад дүүгээ уруу татан Аав тамхинаас гарсан юм чинь хоёулаа очиж аавын гаансыг чулуу шидэн онож Мэргэнээ үзье хэмээн холоос чулуу шидсээр байгаад хага цохиж билээ. Тэр үед эм хонь 60 төгрөг байсан гээд бодохоор гурван мянгын гаанс гэдэг тавиад хонины үнэтэй асар их хөрөнгө байж. Ээж аргал түүх, хонинд явахдаа намайг бүсэлхийгээр оосорлон ханын шийрнээс уяад явдаг байв. Энэ нь гадаа гарч осгож хөлдөх, зуух руу түлэгдэх зэрэг аюулаас хамгаалах зорилготой байв.
Бага байхдаа хурга ишигтэй их тоглодог байсан. Хөлд орж мэдээ орсноос хойш орны хөлд уяагдахгүй хаа сайгүй дэмий тэнэж харзны зах, хурганы хашаа хавиар өдрийг өнгөрөөнө. Зуны дэлгэр сайхан өглөө ээж унтаж байгаад сэрээд арваад хүүхдээ бүртгэж үзэхэд нөгөө Цогоо хаана ч байхгүй байхыг олж мэдсэн ээж ихэд сандран, хаачив ийчив, харзанд унаад үхсэн болов уу хэмээн айж харзны захад байх хурганы хашааг зүглэж ирэхэд би хурга ишгэн дотор тайван гэгч унтаж байсан гэдэг. Хүүе миний хүү гэх дуунаар гурван настай жаалхүү би нойроо харамлан, нүдээ нухлан ихэд дурамжхан босож ээжийг дагаж гэртээ орж, ээжийн өглөөний цайны халуун галд дахин нам унтсан гэдэг.
Найман нас хүртлээ аавын гэрийн дөрвөн улирлын буурийг сэлгэн нүүж, ууланд хонь хариулж, голд мордьдоо усалж байснаас өөр хаашаа ч явж юм үзэж нүд тайлж байсангүй. Ямартаа, 1970 оны 9-р сарын 1-нд Ургамал сумын бага сургуульд орохдоо анх удаа сумын төв орж байшин гэж ийм юм байдгийг нүдээр үзэхэд их л цуурайтсан юм байсан санагддаг юм. Урьд нь зөвхөн сумын төв гэж аав ээж, ах эгч нараас чихээр сонсон сургуульд хурдхан орж, сумын төвийг очиж үзэх юмсан гэж их мөрөөддөг байв. Анх сумын төв орж нэгдүгээр ангид сурахаар очиход аав намайг анхны өдөр дагуулан Миний хүү төөрнө хэмээн сумын дэлгүүр, худалдаа анги, клуб, эмнэлэг, нэгдлийн захиргаа, номын сан зэрэг бараг бүх газруудыг дагуулж явж биечлэн үзүүлж тайлбарлаж байсныг би хожим цэргийн дарга болчихоод шинэ цэргүүдээ дагуулан цэргийн ангийн бүх объектоор дагуулан явж нэг бүрчлэн тайлбарлан, аюулгүйн зааварчилгаа өгдөг үедээ байнга сэтгэлдээ дурсдаг байв.
Нэгдүгээр анги байранд орсноос эхлээд үдэш бүр цэрэг арми мэт оройн тоо хийдэг байв. Намар хавар сургуулийн дотуур байрны гадаа, өвөл дотор оройн тоо хийнэ. Оройн тооны дараа бүгдээрээ Дэлгэр монгол орон-ыг нийтээрээ байнга дуулна. Сургуульд орохоос өмнө ганц ч дуу мэддэггүй байснаа Дэлгэр монгол орноо Магтаж бид нар дуулахдаа гээд л хүүхдүүдийг дагаж дуулсаар байгаад миний анхны сурсан дуу бол Дэлгэр монгол орон байв.
Бидний эх оронч болон бие бялдар, сэтгэл зүйн хүмүүжил тэр үед Дэлгэр монгол орон сүлд дуу, шугам жагсаал, оройн тоо, өглөөний гимнастик, баатарчууд, пионероор төлөвшиж эхэлсэн ч дотуур байранд тасралтгүй үргэлжлэх бөхийн барилдаан, нударган зодооны тэмцээнээр бас их бэхжиж байжээ. Байранд хийх юмгүй тул үе үе мэргэжлийн боксын тэмцээн зохиож, хоорондоо жинхэнээсээ зодолддог байв. Гэхдээ ахлах ангийнхантай бус, нас насаараа, анги ангиараа, хоёр хоёроороо шударгаар зодолддог байв. Мэргэжлийн боксын тэмцээн өөрийн гэсэн дүрэмтэй. Мод чулуу бээлий хэрэглэхгүй, өшиглөхгүй, өвдөглөхгүй, дэвсэхгүй, зөвхөн улаан гараараа үзнэ, ядарсан бол хэн нэгнийх нь хүсэлтээр түр амарна, нармай нээсэн л бол ялсан ялагдсанд тооцно гэх мэт.
Тиймээс хамгийн гол нь нармайгаа хамгаалах нь их чухал. Зуны амралтаараа ч бэлтгэлээ сайн хангахын тулд Төмөр ахын Эрдэнэсүрэн бид хоёр бригадын хадлан дээр үдийн унднаар нэг цаг амрахын оронд бүтэн цаг хиртэй зодолддог байж билээ. Ер нь бага байхад отор хийснээс би хадланд явах илүү дуртай байв. Хадлан дээр үеийн хэдэн нөхөдтэйгөө нийлж барилдаж зодолдож, бороотой үед хадлан хадахгүй тул айлын эзэнгүй эмнэг морьдыг бугуйлдаж барин чихдэж, цоровдож байгаад эмээл хазааргүй мордож, буруу зөрүү харж суун булгуйлж тоглодог байв. Шөнө орой болохоор эр биес нь гүйцэж, эд эс нь ч боловсорч амжаагүй хэдэн халтар ухнан ишиг шиг юмнууд нийлээд чадахгүй байжээч охидуудын майханы хаяа хатавчаар дэмий л өнгөлзөж салхи сэвэлзүүлэхээ бас мартахгүй.
Бага сургуулийн дотуур байранд үргэлж гэдэс өлсөнө. Тиймээс гадуур сэлгүүцэж айлын түлээ түлш хөрөөдөх, ус зөөх зэргээр бор гэдсээ божийлгоно. Олон сараар дотуур байранд хашигдах хүүхэд бидний баяр хөөртэй үеийн нэг бол аавууд хөдөөнөөс хаяа нэг ирж Жунхаа тараах явдал байв. Жунхаа гэдэг нь ээжүүдийн хийж бидэнд явуулсан чихэр боов, ааруул өрөм гэх мэт зүйлийг багтаасан нэгэн бодлын илгээмж юм даа. Манайх төвөөс хол, олон хүүхэдтэй айл байсан тул би арваад жил сургуулийн дотуур байраар явахдаа гэрээсээ боорцог ааруул ганц хоёр удаа л авсан байх.
Дотуур байр, бага сургуулийн дэглэм хатуу ч Яагаад болохгүй гэж гэсэн мэт дүрэм журмыг заавал зөрчих гээд байдаг явдал их л дээ. Тухайлбал, сургуулийн хүүхдүүд сумын клубт оройн цагаар кино үзэх хориотой байлаа. Тэгтэл би нэг удаа том хүмүүстэй шөнө оройн цагаар кино үзмээр санагдаад киноны билетээ үзүүлээд орж байгаа том хүний дээлийн хормойн дотор нуугдаад клубт орж, кино үзсэн ч юм байхгүй тэгэсхийгээд суудал дээрээ нам унтаад өгөж. Нэг сэртэл үүр цайж өглөө болсон, эргэн тойронд хэн ч байхгүй, сумын клубын хаалга гаднаасаа таг цоожтой байхаар нь цонхоор гараад байрандаа ирж билээ. Бага сургуулийн формын хувцас гэвэл охидууд ногоон даалимбан дээлтэй, хөвгүүд цэнхэр даалимбан дээлтэй байнга явна. Байранд байхдаа олуулаа дарвиад моодны хойноос их хөөцөлдөнөө. Гэхдээ энэ нь хувцас хунар биш харин аливаа нэг юм цуглуулах хообий байсан юм болов уу.
Тухайлбал маатагны цохиур мод, жижиг алаг бөмбөг, цэнхэр голтой хол тусдаг гар чийдэн, орос цэргийн ременэн бүс гэх мэт байснаа сүүлдээ нэг үе машины лампчик цуглуулах явдал моод болоод явчихваа. Хэн олон лампчиктай нь тэр Атмаанд тооцогдоно. За тэгээд үүний тулд бид шөнөжингээ гадуур тэнэж ах дүү хамаатан саданых ч гэлтгүй нэгдлийн хэдэн жолооч нарын машины том жижиг лампыг тэсгээлгүй ухаж төнхөн хулгайлсаар байгаад сүүлдээ жолооч нарын хараанд өртөн тэд бидэнд дайн зарлахийм болов. Нэг удаа Хуудайн Баавгай /Скаут, хүүхдийн Баавгай багш гэдгээр хүмүүс андахгүй болов уу/, Доохүү Андиагийн Баярсайхан /Бор өндөрийн Засаг дарга/ бид гурав тэдний хүргэн ахынх нь ГАЗ-53 машины лампчикийг шөнө дөлөөр ухаж байгаад отоонд орон баригдан, зугтааж сумын төвийг гурав тойрч хөөгдөн сүүлдээ дотуур байрныхаа орон дороос чихдүүлж билээ.
Ч.Лодойдамба гуайн Тунгалаг тамирыг уншсанаас хойш тэгж их сахилгагүйтэх маань арай багассан ч Цахиур Төмөр, Итгэлт баяны хүү Хонгорын дүрээр өвчилж зуны гурван сар аавын гэртээ тогтохоо больж адуунд явсан нэрийдлээр хоёр гурав хоногоор эзгүй хээрээр гэр хийж эмээлээ дэрлэн зүүрмэглэж явахдаа нэгдэл нийгмийн адууг азарга азаргаар нь хааш нь ч хамаагүй халхын нутгийг самнах мөрөөдөлтэйгээр элдэж хөөдөг байв.
Удаж төдөлгүй сургуульдаа орсон ч нөгөө л дэврүүн сэтгэлээр хүний газар явж юм үзэж нүд тайлмаар санагдаад замын машин дайгдан Завхан аймгийн төвийг анх удаагаа орж үзээд цааш Яруу орж нагац ах Тулгаа багш, хүргэн ах Нанжидсүрэн, эгч Цагаанхүү нараа бараадан Яруугийн дунд сургуульд үргэлжлүүлэн суралцаж овоо томоожсон ч параллел ангийн охидуудад нүд хужирлан Сэсээр улсаас гаралтай сэмжин цагаан цаасан дээр дурлаж бичсэн захидлын дугаар номер нэг ээ.. хэмээн мөрлөсөн хайрын захиа хичээлийн завсарлагаар чулуудахаа бас амжуулна.
Яруугийн сургуулийн ангийн багш Лхамжав, захирал Батмагнай, хичээлийн эрхлэгч Бямбажав, багш Доржготов, Сэдбазар, Хангай, Лхагваа, Баттулга, Гарамдагва, Жамбал зэрэг эрдэмтэн багш нарынхаа зангараг дор хичээлд номдоо шамдан суралцснаар төгсөлтийн ная гаруй хүүхдээс тэр жил Өвгөний Батцоож бид хоёр наймдугаар ангиа онц төгсөж аймгийн төвийн арван жилийн сургуульд шилжин орж билээ.
ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт