Өмнөд Солонгосын эрх баригчид энэсарын 15-нд болох Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгох парламентын сонгуулийг хойшлуулахгүй гэдэг шийдвэр гаргажээ.
Сонгуулийн кампанит ажил 14 хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд “COVID-19” өвчин тархаад байгаа учраас нэр дэвшигчид сурталчилгаагаа зөвхөн цахим хэлбэрээр хийх юм байна.
Тус улс сонгогчдын аюулгүй байдлын хангах үүднээс улсын хэмжээнд нийт 14330 санал хураах байруудад эрүүл мэндийн ажилчдын тоог нэмж томилохоор болжээ. Санал хураах байруудад иргэдийн халууныг хэмжиж нэвтрүүлэх бөгөөд сонгогчид амны хаалт зүүж, хоёр метрийн зай барих ёстой. Мөн санал хураах цэгүүдэд гар ариутгалын бодисууд хангалттай байршуулж, санал хураалт болон санал тоолох явцад тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх юм байна.
Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн халдварын 10.450 тохиолдол бүртгэгдэж, 208 хүн эндэж, 7117 хүн эдгэжээ.