Н.Эрдэнэ-Очир: Тонуулчдаас болж маш их мэдээлэл ул мөргүй арилдаг
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.
Археологийн ажлын нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар мэдээлэл хүргэхгүй юу?
-Археологи бол хүн төрөлхтний олон мянган жилийн түүхийг сэргээн босгоход бодит олдвор, хэрэглэгдэхүүнд тулгуурлан түүхэн үнэнийг өгүүлдэг шинжлэх ухаан юм. Өөрөөр хэлбэл, археологийн малтлагаас илэрсэн бодит олдвор дээр үндэслэн судалгаа хийгддэг. Энэ утгаараа хамгийн үнэн бодитой үндэслэлийг дэвшүүлж, дүгнэлт хийдэг шинжлэх ухаан гэж хэлж болно. Мэдээж хэрэг нийгэмд маш чухал үүргүүд гүйцэтгэнэ. Тухайлбал, өнөөгийн монгол нутаг археологийн дурсгалаар нэн баялаг, олон улсын судлаачдын анхаарлыг ч ихээхэн татдаг. Төв Азийн энэхүү өндөрлөгөөс нүүдлийн соёл иргэншил бий болж, төрт улс үүсжээ.
Монгол нутагт оршин тогтносон төрт улс бүр Евроазийн газрын зургийг өөрчилсөн байдаг. Энэ бүхнийг өгүүлэх археологийн дурсгалаа илрүүлэн судлах, олон улсын түвшинд гаргах, хадгалж хамгаалах, дэлхийн өвд бүртгүүлэх, хот суурин, уул уурхай, бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай зөв зохистой уялдуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, соён гэгээрүүлэх гэх мэт орхигдуулж боломгүй олон чухал үүргийг нийгэмд археологийн салбар гүйцэтгэдэг.
Археологийн судалгаа Монгол оронд хэдий үеэс эхэлсэн бэ?
-Анхны судалгаа XVlll зууны үед холбогдох бөгөөд Хархорум, Эрдэнэзуу хийдийн хөшөө чулуунаас хэв хуулга авсан тухай их хүрээний сайдын илгээсэн баримт бичиг архивд хадгалагдаж байна. 1870 оноос Оросын судлаач И.В.Падерин, А.М.Позднеев, Н.М.Ядринцев, Г.Н.Потанин, В.В.Радлов, Д.А.Клеменц, П.К.Козлов, мөн Финляндийн эрдэмтэн Г.Гейкел, Г.И.Рамстед, И.Г.Грано, Японы эрдэмтэн К.Отани, Польшийн эрдэмтэн В.Л.Котвич, Америкийн эрдэмтэн Р.Ч.Эндрюс, Н.К.Нельсон зэрэг эрдэмтдийн удирдсан судалгааны багууд Монголын нутгаар аялж археологийн дурсгалуудтай танилцан, анхны малтлага, тодорхойлолт, тэмдэглэлийг тайлагнан бичиж, судалгааны эргэлтэд оруулсан байдаг.
Улмаар Монгол Улсын Ардын Засгийн газар 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр өнөөгийн Шинжлэх ухааны академийн эх суурь “Судар бичгийн хүрээлэн”-г байгуулж эртний түүхийг судлах, дурсгалуудыг илрүүлэх, мэдээ цуглуулах ажлыг эрхлэх болж, 1924 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өнөөгийн “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн анхны эх болох “Хуучны зүйлийг сахин хамгаалах дүрэм”-ийг баталсан. Хүрээлэнгийн ажилтнаар О.Жамьян, Ж.Цэвээн, Н.Дэндэв нар мөн зарим Зөвлөлтийн судлаачид ажиллаж байв. 1950-иад оноос археологийн үндэсний боловсон хүчин бий болсон бөгөөд Ц.Доржсүрэн, Х.Пэрлээ, Н.Сэр-Оджав, Д.Дорж, Д.Наваан, Д.Цэвээндорж, Д.Баяр, Г.Мэнэс, З.Батсайхан зэрэг олон археологичдыг дурдаж болно. 1961 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулахад өмнө нь “Түүх-эдийн засгийн судлах газар” нэртэй байсан эрдэм шинжилгээний байгууллага нь Түүхийн хүрээлэн болон өргөжиж Шинжлэх ухааны академийн үндсэн хэдэн хүрээлэнгийн нэг болон зохион байгуулагдсан байдаг. Тус хүрээлэнгийн анхны гурван нэгжийн нэг нь Археологи-этнографийн тасаг бөгөөд даргаар нь доктор Н.Сэр-Оджав ажиллаж байв. Улмаар 2019 онд Археологийн хүрээлэн нь Түүхийн хүрээлэнгээс өрх тусгаарлан байгуулагдаж бие даасан үйл ажиллагаа явуулж байна. Өдгөө 40 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай, гадаадын 10 гаруй орны 20 орчим хүрээлэн, их сургуулиудтай идэвхтэй хамтын ажиллагаа явуулж байна.
Орон нутгийн иргэдийн сүсэг бишрэлээс болоод түүхийн олдворууд хөрсөн дээр ил гарч чадахгүй байх тохиолдол бий. Энэ нь археологийн хөгжил, баяжилтад сөргөөр нөлөөлөх үү?
-Эртнээс монголчууд хот балгадын туурь, булш, хиргисүүрийн ойр явах, ухаж хөндөхийг цээрлэж ирсэн уламжлалтай. Энэ нь нэг талаасаа эртний түүх, соёлын дурсгалаа хадгалж, хамгаалах арга ухааны нэг хэлбэр юм. Нөгөө талаар, археологийн дурсгалыг нэгэн зууны хугацаанд судалж дуусахгүй бөгөөд судалгааны зэрэгцээ, хадгалж, хамгаалах ажлуудыг цаг алдалгүй хийж гүйцэтгэх, хойч үеийн археологичдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Техник, технологи хурдтай хөгжихийн хэрээр ирээдүйд илүү нарийвчилсан судалгаа явагдах нь тодорхой. Тэр үед бидний судалгаа өмнөх үеийн судлаачдын адил суурь судалгаа болох нь дамжиггүй юм. Ийм залгамж халаатай ч явж ирсэн байдаг. Иймээс орон нутгийн иргэдийн энэхүү үзлийг сайшаах нь зүйтэй. Биет өв соёлоо хадгалж байгаа нэг хэлбэр юм.
Гаднын орнууд шинжлэх ухааныхаа салбарт их санаа тавьдаг. Монгол Улсын хувьд энэ тал дээр анхаарал хэр хандуулж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Археологийн хүрээлэн суурь судалгааны гурван төсөл, гурван хавсарга төслийг БСШУСЯ, ШУА, ШУТС-ийн дотоодын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Жилийн нийт төсөв нь 40-50 сая төгрөгт багтана. Энэ бол харьцангуй бага тоо юм. Үүний хажуугаар гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудтай хамтарсан археологийн судалгаа, төслүүдийг идэвхтэй явуулж байна. Зөвхөн улсаас, харьяа яамнаас өгсөн санхүүжилтийн хүрээнд ажлаа хийнэ гэвэл боломжгүй. Санхүүгийн дутагдлыг нөхөх үүднээс хамтарсан төслүүд дээр гаднын улс орнуудтай өргөн хүрээнд хамтарч ажилладаг. Мөн “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хүрээнд археологийн авран хамгаалах хайгуул, малтлага судалгааг гүйцэтгэж байна. Иймд дотоодын төсөл, үндэсний судалгаа, хүний нөөцийг бүрдүүлэх асуудлыг төрөөс бүх талаар дэмжиж ажиллах шаардлагатай.
Олдворуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж хэр байдаг вэ?
-Археологийн хүрээлэнд өөрийн гэсэн 8000 гаруй олдвор бүхий сан хөмрөг, лаборатори бий. Энэ бол манай байгууллагын үнэт өв гэж болно. Сэргээн засварлах лаборатори үйл ажиллагаагаа явуулж байна. Мод, төмөр эдлэл, зарим органик эдлэл, ваар сав зэрэг олдворыг сэргээн засварлах, бэхжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Зарим онцлог олдворууд нь Засгийн газрын тогтоолоор хосгүй үнэт олдворын жагсаалтад бүртгэгдсэн байгаа. Бид сан хөмрөгтөө тулгуурлан дотоодын болон гадаадын байгууллагуудтай хамтарсан эрдэм шинжилгээний үзэсгэлэнг идэвхтэй зохион байгуулж, сан хөмрөгийн хамгаалалт, орчин нөхцөлийг сайжруулах талаар анхаарч ажиллаж байна.
Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөний дараагаар боловсон хүчнийг бэлдэх асуудалд бүрэн реформ хийх нөхцөл бололцоо бага багаар бүрдэж эхэлсэн. Танай салбарын хувьд сүүлийн гучаад жил их өөрчлөлт, туршилттай нүүр тулсан он цаг байсан байх ...
-Ардчилал гарч, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш гадаад харилцаа идэвхтэй өргөжсөн. Манай улсын Археологийн шинжлэх ухаан ч бас шат ахисан, эрчимтэй судалгаа хийж эхэлсэн. Одоогийн байдлаар археологийн хүрээлэн нь 40 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай бөгөөд нэг академич, 17 доктор, 21 магистр зэрэгтэй судлаачид ажиллаж байна. Доктор, магиструудын 50 гаруй хувь нь гадаадын их сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалж, мэргэжил дээшлүүлсэн, 1-2 гадаад хэлтэй, хүний нөөцийн хувьд сайн бэхэжсэн,чадварлаг хамт олноос бүрдэж байна. Мөн хүрээлэнгийн нэр дээр АНУ-д нэг, ХБНГУ-д нэг, БНХАУ-д гурав, Японд нэг, Солонгост нэг, дотоодын их сургуулиудад 13 хүн докторантурын сургалтад суралцаж байна. Зуны улиралд дотоодын болон хамтарсан 20 гаруй хээрийн шинжилгээний анги ажилладаг бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын судалгааны олон арга зүйн зангилаан дээр залуус маань суралцаж байна.
Орхоны Шаамарын хөндийгөөс олдсон эртний хүний яс, Баянхонгор аймгийн Баянлигийн Цагаан агуйн олдвор зэргийг үндэслээд манай улсыг хүний үүслийн өлгий байж болох талтай гэж үздэг. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн судалгаанд ямар ахиц дэвшил гарсан бэ?
-Чулуун зэвсгийн үеийн судалгаа олон жил тогтвортой явагдаж байна. Өнөөгийн Монгол Улсын нутагт одоогоос нэг сая орчим жилийн тэртээд эртний чулуун зэвсэгтэн оршин амьдарч байсныг археологийн судалгаагаар тогтоогоод байна. Монгол оронд явуулсан олон жилийн судалгааны үр дүнд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нарийн гол, Баянлиг сумын Цагаан агуй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх уул, Өмнөговь аймгийн Булган сумын Цахиуртын хөндий, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон, Мойлтын ам, Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаанхадны дурсгал гэх мэт эртний чулуун зэвсэгтний ул мөрийг хадгалан үлдсэн бууц, буудал, дархны газар, суурин 1000 гаруйг олж илрүүлсэн байна. 2006 онд Хэнтий аймгийн нутагт одоогоос 35 мянган жилийн тэртээд амьдарч байсан эртний хүний гавлын ясны чулуужсан хэсэг олдож “Монголын нэн эртний хүн” буюу “Mongolian anthropus” хэмээх нэрээр шинжлэх ухааны эргэлтэд орж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. Булган аймгийн нутаг Төлбөрийн голын савд Монгол-Орос-Америкийн хамтарсан судалгааны баг 2004 оноос өнөөг хүртэл тогтвортой судалгаа явуулж дээд палеолитын эхэн үеэс төгсгөл үеийг хамарсан 6-7 соёлт давхаргатай, түүхийн урт удаан хугацааны туршид хүн оршин амьдарч байсныг гэрчлэх олон зуун чулуун багаж зэвсгийн зүйлс бүхий 40 орчим дурсгалт газрыг нээн илрүүлж судалгааны эргэлтэд оруулсан зэрэг олон чухал үр дүнг дурдаж болно. Дээрх судалгаанууд нь Монгол орон хүй нэгдлийн үеийн голомт нутгуудын нэг мөн гэж үзэх үндэслэлтэйг батлан харуулж байна.
Археологич мэргэжлийг эзэмшихэд хүний унаган зан чанар хэр нөлөөлдөг вэ?
-Мэдээж оюутны ширээний араас судлаач хүн бий болно. Оюутны дөрвөн жил археологийн хээрийн судалгаанд оролцоно. Халуунд халж, хүйтэнд хөрч, өлсөж цангах, ядрах, цас бороо гэх мэт олон зүйл тохиолдоно. Хад чулуу зөөнө, биеийн хүчний ажил хийнэ гээд хүндхэн. Энэ үед хүний араар суух, ажлаас бултах, хоолоо голох зэрэг янз бүрийн байдлаар хувь хүний зан чанар танигддаг. Эндээс тодорхой хэсэг нь тунан үлдэж, судлаач болон “үйлдвэрлэгдэж” байгаа юм. Манай археологичдын нэг давуу тал нь бүгд дээрх шүүлтүүрээр гарсан байдаг.
Малтлагаас гарч ирсэн олдворуудаас мэдээллийг хэрхэн бүрдүүлдэг талаар сонирхуулахгүй юу?
-Олдворууд археологийн малтлагаар илэрсэн байх ёстой. Малтлага нь сайтар баримтжуулалтын дор явагддаг. Хожим нь энэхүү баримтжуулалтад үндэслэн сэргээх боломжтой гэсэн үг. Хөрсний бүтцийг тодорхойлох, гар болон дэвсгэр зураг, гэрэл зураг, зүсэлтийн мэдээлэл гэх мэт олон төрлийн баримтжуулалтын дундаас археологийн олдвор илэрч олддог. Ийнхүү олдсон олдвороос судлан буй үеийн мэдээллийг авах бүрэн боломжтой бөгөөд үүгээрээ үнэ цэнтэй болж ирдэг. Хүн, малын ясан дээр нас, хүйс, өвчлөл, он цаг, цаашлаад генетикийн судалгаа ч хийгдэх бүрэн боломжтой. Олдворуудын хувьд ч мөн адил бүтцийн судалгаа, дүрслэл, бэлгэдэл, зориулалт, хэлбэр, хийц гэх мэт баялаг мэдээллийг авч болно. Анхны эх сурвалж нь тодорхойгүй, гар дамжсан олдворууд тийм ч үнэ цэнтэй биш. Сүүлийн үед тонуулчид археологийн дурсгалыг ухаж сүйтгэх, олдвор хэрэглэгдэхүүнийг дамжуулан зарах явдал нэлээд нэмэгдэж байна. Ингэж ирсэн олдворын мэдээлэл өгөх боломж эрс багасах сөрөг талтай. Өөрөөр хэлбэл, малтлагаар илэрсэн хөрсний судал шинжлэх ухааны чухал ач холбогдол бүхий мэдээллийг хэдэн зуун жилийн турш хадгалж байж болно. Гэтэл түүнийг тонож сүйтгэвэл тэр мэдээллийг хэзээ ч авч чадахааргүй устгаж байгаа юм. Археологийн биет дурсгалыг хамгаалах үүднээс төрийн байгууллагуудын хүрээнд олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ирсний үр дүнд 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан ба 25 дугаар бүлэг бүтнээрээ “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг” гэсэн нэртэйгээр мөрдөгдөж байна.
Манай улсад хүрлийн үеийн буган чулуун хөшөө болон хиргисүүр элбэг тааралддаг. Хэлбэр бүтэц, дүрслэлийн хувьд юуг илэрхийлэхийг зорьсон байдаг нь их сонирхолтой санагддаг ...
-Хиргисүүр, буган хөшөө нь нэг соёл гэдгийг эрдэмтэд нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Хиргисүүр, буган чулууны соёлыг тээгчид нь Монголын төв, баруун бүс нутагт аж төрж байсан эртний нүүдэлчин ард түмэн юм. Үүний зэрэгцээ дөрвөлжин булшны соёлт монгол төрхийн нүүдэлчид Монгол орны төв, зүүн, Байгаль нуурын өмнөд хэсгийн хээр талын бүс нутагт зэрэгцэн оршин тогтнож байжээ.
Монгол нутагт нүсэр зохион байгуулалт бүхий хиргисүүрүүд олноор тархсан бөгөөд тэдгээрийн ойролцоо буган чулуун хөшөө цөөнгүй тааралдах нь бий. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Жаргалантын ам хэмээх газарт 30 гаруй буган хөшөө бүхий хамгийн том цогцолбор дурсгал байдаг. Буган хөшөөг баатар дайчин эрсийн дурсгалд зориулж, хүнийг төлөөлүүлэн босгосон гэж үздэг. Хөшөөний дээд буюу толгойн хэсэгт ээмэг, зүүлт, дунд хэсэгт нь бугыг бодитоор болон загварчилсан байдлаар дүрсэлдэг.
Мөн бусад амьтныг ч бас харж болно. Доод хэсэгт нь олон янзын хээтэй, гоёмсог бүсийг зэр зэвсэг зүүсэн байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Мөн хүний нүүр царайг дүрсэлсэн хөшөө ч цөөнгүй бий. Буган хөшөөний сонгодог төрөл болох бугын загварчилсан дүрслэлтэй хөшөөд нь Хангайн нурууны бүс нутагт төвлөрөх бөгөөд эндээс тархсан болохыг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. Мөн Евразийн хээр талын бүс нутагт гурван төрлийн 1500 гаруй буган хөшөө байдаг нь тогтоогдсоноос Монгол Улсын нутагт 1200 гаруй нь илэрч олдсон байна.
Үлдсэн 200 орчим буган чулуун хөшөө нь Төв Азийн нутаг, өөрөөр хэлбэл манайхтай соёлын хувьд адил төсөөтэй улс орнуудаас олдсон гэж хэлж болох уу?
-Үлдсэн 200 гаруй буган хөшөө нь Хятадын Шинжаан-Уйгурын бүс нутаг Тэнгэр уул, Буриад, Тува, Уулын Алтай, цаашлаад Казахстан, Урал, Кавказын нуруу, Оросын Оренбург муж, Украйн, Румын, Болгарын нутагт байдаг. Манай судлаачид 2018 онд “Монгол ба бүс нутгийн буган чулуун хөшөөний соёл” хэмээх эрдэм шинжилгээний бүрэн каталогийг хоёр дэвтрээр хэвлүүлсэн. Энэ бүтээлээс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Ярилцсанд баярлалаа. Таны эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин