Их Британийн Ерөнхий сайд эрчимт эмчилгээнээс энгийн тасаг руу шилжжээ
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн туссанаас болоод бие нь хүндэрсний дараа эрчимт эмчилгээнд орсон билээ. Тэгвэл өчигдөр түүний биеийн байдал сайжирч энгийн тасаг руу шилжсэн байна.
Консерватив намын удирдагч Ерөнхий сайд Борис Жонсон 3-р сарын 27-нд COVID-19 туссан болох нь батлагдсан бөгөөд тэрбээр халдвар авсан анхны томоохон орны удирдагч болсон юм.
"Ерөнхий сайд пүрэв гаргийн орой эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжсэн. Түүний биеийн байдлыг сайтар ажиглаж байна. Борис Жонсоны сэтгэл санаа өөдрөг байгаа" гэж Их Британийн Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Тэрбээр халдвар авсан гэдгээ мэдмэгц өөрийгөө тусгаарласан боловч халдварын шинж тэмдгүүд илэрсэн хэвээр байсан тул өнгөрсөн ням гарагт эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд даваа гарагт биеийн байдал нь муудаж, эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн билээ.
Борис Жонсоныг эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд Их Британийн Засгийн газрын тэргүүний үүргийг тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб түр гүйцэтгэж байна.