Ц.Батбаатар: Хилчид 2.9 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн
Хил хамгаалах байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг буюу улсын хил хамгаалалтын талаар ХХЕГ-ын Хилийн албаны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаатартай ярилцлаа.
-Хилчид хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?
-Хил хамгаалах байгууллага сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улсын хил хамгаалалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үйл ажиллагааны шинэчлэлийг эрчимжүүлэх, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллаж амьдрах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр иж бүрэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж чадсан нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нийт 137 баримт бичиг боловсруулан хил хамгаалах байгууллагын хэмжээнд мөрдөн ажиллаж байна. Гол үр дүн нь улсын хил хамгаалалт, хилчдийн нийгмийн баталгааг хангах, эрх зүйн орчин бүрдсэнд оршиж байгаа юм.
Тухайлбал, Буйр нуурын усан хил хамгаалалтыг бэхжүүлэх, усан хилийн хэсгээр гарч байгаа хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх таслан зогсоох чиглэлээр иж бүрэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.4.13-ын нэг дэх заалт, “Буйр нуурын усан хил хамгаалалтын дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилт бүрэн хангагдлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэрэлтүүлэг хяналтын цамхаг, усан зогсоолын инженерийн байгууламж, хөнгөн хөлөг, тусгай зориулалтын техник хэрэгслийн байрыг шинээр барьж, усан хил хамгаалалтад ашиглаж эхэлсэн. Усан хил хамгаалалтыг зохион байгуулах туршилтын явцад хилчдийн амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, аврах мэдээлэх хэрэгслээр хангах зайлшгүй шаардлага үүсч, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
-Усан хилийн хамгаалалтыг хэрхэн зохион байгуулдаг юм бэ?
-Усан хилийн хэсэгт зөвхөн хилчдийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй орон нутгийн иргэд, аялагчдын аюулгүй байдлыг сахин хамгаалж байна. Усан хил хамгаалалтыг зохион байгуулах үндсэн бүрэлдэхүүний дунд усан бэлтгэлийн, хөнгөн хөлөг, тусгай зориулалтын техник хэрэгслийн жолооч, механикийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг Сонгинохайран дүүргийн усан спорт сургалтын төв болон Дорнод аймгийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулсан. Мөн улсын хилийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын хил хамгаалалтыг мэргэжлийн удирдлагаар хангах зорилт тавин ажиллаж, хил хамгаалалтыг тасралтгүй, шуурхай удирдлагаар хангах мэдээллийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Улсын хил хамгаалалтын шуурхай удирдлага, мэдээлэл, дүн шинжилгээний төв”-ийг боловсруулж дуусаад байна. Түүнчлэн улсын хил хамгаалалтад хилийн хөдөлгөөнт харуулыг идэвхтэй ашиглах бодлогыг хэрэгжүүлж, хилийн цагийн байдлын гэнэтийн өөрчлөлтийн үед хүч хэрэгслийг шуурхай бүлэглэн шилжүүлэх боломж бүрдэж, хил хамгаалалтын нягтрал нэмэгдсэн. Хил хамгаалах байгууллага улсын хил хамгаалалтад албаны нохойг түлхүү ашиглах бодлого баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд цэвэр үүлдрийн үржлийн нохойг худалдан авсан бөгөөд цаашид хилийн ангиудыг албаны нохойгоор бүрэн хангах бодлого баримталж байна. Мөн өвлийн улиралд, гол нууртай хилийн хэсэгт улсын хил хамгаалалтад чарганы нохой ашиглаж эхэлсэн. Ингэснээр хилийн ангиудын хариуцсан хэсэгт цас их орж, зам, даваа хаагдан, тээврийн хэрэгсэл явахад хүндрэлтэй, алслагдсан хэсгийн хил хамгаалалтыг зохион байгуулах, хангалт хүргэх, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. Энэ мэтчилэн хил хамгаалах байгууллагын хувьд хийж хэрэгжүүлсэн ажил их бий.
-Улсын хилээр гарч буй хилийн зөрчлийн талаар тоон мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын хилийн хэсгээр 2020 оны I улирлын байдлаар хил дамнан мал хулгайлах, агнуурын амьтан агнах, барих, эх орондоо буцах зорилгоор улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй улсын хил зөрчихийг завдах, гадаадаас нисгэгчгүй нисэх хэрэгсэл улсын хил зөрчих хэлбэрийн зөрчил гарлаа. Хилийн дэглэмийн зөрчлийн 33.3 хувь нь Монгол, Хятадын хилд, 66.7 хувь нь Монгол, Оросын улсын хилийн хэсгээр гарсан байна. Хилийн зөрчлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 75, хил зөрчигчдийн тоо 52.3 хувиар, манай улсын талаас эзэн хариулгагүйгээс бэлчээрээр улсын хил давсан малын зөрчил 80.9, малын тоо 79.2 хувиар, хил залгаа улсын талаас бэлчээрээр хил давж ирсэн малын зөрчил 81.2, малын тоо 66.6 хувиар буурсан үзүүлэлт гарч байна.
Хилийн зурвас, бүсэд тогтоосон дэглэм журам зөрчсөн үйлдлийг хил орчмын дэглэмийн зөрчил гэж үздэг. Хилийн зурвас, бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах, ашигт малтмал эрж хайх, олборлох, агнуурын амьтан агнах, барих, байгалийн дагалдах баялаг ашиглах, мод бэлтгэх, архидан согтуурснаас төөрч, зүг чигээ алдан хил зөрчихийг завдах хэлбэрийн зөрчил давамгайлж байна.
Хил орчмын нутаг дэвсгэрт оршин суугч малчдын хариуцлагагүйгээс 59 удаагийн 5074 тооны мал бэлчээрээр улсын хилд тулсныг тогтоож, эздэд нь хүлээлгэн өгснөөр иргэдэд учирч болзошгүй 2.9 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, хилийн зурваст малаа хариулгагүй орхисон 62 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 6.2 сая төгрөгийн торгох шийтгэл ногдууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хил орчмын дэглэмийн зөрчил тав, зөрчил гаргасан хүний тоо 7.5 хувиар өссөн байгаа нь цаашид хилчид хил орчмын иргэд, хил хамгаалах байгууллага, орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллах, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг бууруулах шаардлага үүсч байна.
-Увс, Тувагийн хил дээр гардаг малын хулгайн зөрчлийг таслан зогсоож чадсан уу?
-Хилийн зөрчлийн 29 хувийг хил дамнан мал хулгайлах хэлбэрийн зөрчил дангаараа эзэлж байгаа хэдий ч өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад хил дамнан хулгайлагдсан малын зөрчил 41.6, малын тоо 38 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Улс орны эдийн засгийн хөгжил тодорхой хувиар нэмэгдэж байгаа ч хил орчмын иргэдийн амьжиргааны түвшин доогуур, ажил эрхлэлтийн байдал сул, хилийн сум, баг төв суурин газраас алслагдмал, дэд бүтэц муу хөгжсөн, хүн амын суурьшил бага байна. Дээрх нөхцөл байдлыг далимдуулан улсын хил зөрчин мал хулгайлах, хуулиар хориглосон болон хязгаарласан эд зүйл хууль бусаар хил давуулан наймаалах, хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч ашигт малтмал эрж хайх, байгалийн баялаг ашиглах, хулгайн ан хийх байдлаар амар хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүдийн үйлдэл сүүлийн дөрвөн жил тодорхой хувиар буурсан ч таслан зогсоогүй хэвээр байгаа.
-Хилчид улсын хилийг хүний хүчээр хамгаалахаас илүүтэйгээр шинэ техник, технологи ашиглаж байна уу?
-Хил хамгаалах байгууллага, хилийн анги, салбарууд маань дээрх хилийн болон хил орчмын зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоохын тулд улсын хил хамгаалалтад орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололтыг өргөн хүрээтэй нэвтрүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа.
-Цаашид хил хамгаалалтад ямар бодлого барьж ажиллах вэ?
-Хил хамгаалах байгууллага 2020 онд “Хил хамгаалах албаны шинэ үеийн дүр төрхийг бий болгоно” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Дээрх зорилттой уялдуулан улсын хил хамгаалалтын талаар хэд хэдэн чиглэлийг үндсэн бодлого болгон баримтлан ажиллаж байгаа. Тухайлбал, хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг чанд мөрдүүлж, хилийн зөрчил, будлианыг гэрээ, хэлэлцээрийн хүрээнд шуурхай шийдвэрлэж ажиллана. Мөн Монгол орны байгаль, цаг уур, физик газар зүйн онцлогт нийцүүлсэн бүсчлэлийн дагуу улсын хил хамгаалалтын арга хэлбэрийг оновчтой тодорхойлж, хил хамгаалалтыг зохион байгуулна.
Н.Даян
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин