Цар тахал гаарч байгаа өнөө үед Аугаа Их Эх Орны дайны 75 жилийн ойд зориулсан “Мөнхийн жагсаал”–ыг онлайнаар явуулах санал гарчээ
Энэхүү онлайн жагсаалыг "Бидний ялалт - Миний түүх" гэсэн уриатайгаар "Хил хязгааргүй Мөнхийн хороо" гэсэн нэртэйгээр явуулах бөгөөд уг ажиллагааг зохион байгуулхаар Оросын гадаад дахь иргэдийн хороо бэлтгэлээ хангаж эхэлсэн байна.
Энэ тухай Холбооны зөвлөлийн байнгын хорооны орлогч дарга Андрей Климов мэдэгдээд "Их ялалтын 75 жилийн ой нь энэ оны хамгийн гол зүйл болох ёстой болохоос биш цар тахал болох ёсгүй. Энэ ажиллагааг зохион байгуулах талаар гадаадад байгаа эх орон нэгтнүүд маань маш их санаа тавьж байна. Энэ саяар тоологдох хүмүүс нь дэлхийн 170 гаруй оронд ажиллаж амьдарч байгаа бөгөөд тэд эх орноо хайрладаг, биднийг хамгаалсан өвөг дээдсээ хүндэлдэг гэдгээ ингэж харуулах хүсэлтэй байгаа юм. Цагтаа бид фашизмын халдварыг ялан дийлж байсан шиг энэ вирусийн халдварыг ч бас даван дийлэх болно" гэж хэлжээ.
Уг жагсаал нь дан Орос хэл дээр биш, үйл ажиллагаа болох олон улс орны хэл бүр дээр явагдах учир ялалтын 75 жилийн ойн энэ өдрийн ажиллагаа нь дэлхийн олон хүнд хүрэх болов уу хэмээн найдаж байгаагаа сенатор илэрхийлсэн байна.
Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт Орос улс нь НҮБ-д цар тахлын үед эв нэгдэлтэй байж, гадаад худалдааны дайнаа зогсоон, нэг талын хориг арга хэмжээнүүдийг зогсоох резолюци санал болгосон боловч дэмжлэг аваагүй гэдгийг бас сануулжээ.
"Баруун талын хамтрагч нар маань бидний энэ саналын хариуд “уучлаарай, бид тэгж чадахгүй нь” гэж хэллээ. Гэтэл тэдний эдийн засаг ч бас хүнд байдалд байгаа. Энэ нь яг л улаан арми тулалдаж байх үед далайн цаадах улсууд хэзээ цэргээ энэ дайнд оруулах вэ хэмээн харж суусантай адил санагдаж байна. Магадгүй ийм нөхцөлд бидний энэ дуу хоолой нь ёс суртахууны болон улс төрийн ихээхэн ач холбогдолтой байж болох юм" хэмээн сенатор цохон тэмдэглэсэн байна.