Хөл хорио тавигдсаны дараа Хятад улс дотоодын жуулчдын ачааллыг дийлэхгүй байна
Коронавирусийн тархалт эхэлсэн Хятадын Хубэй мужид хөл хориог зогсоосноор Хятадын жуулчид бүх л орноор таран аялж эхэлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд мянга мянган хүн Аньхуй мужийн Хуаншань уулын бүсэд ирснээр уулын замд гацан түгжирчээ.
Хятадын дорно хэсэгт байрлах уг муж нь жуулчдыг татахын тулд 4-р сарын 1-нээс 19-ний хооронд өөрийн 29 байгалийн үзсэгэлэнт газраар үнэгүй аялах боломжтой болгосноор ийм байдалд хүрсэн бөгөөд бас энэ хугацаанд Цинмин хэмээх гурван өдөр үргэлжлэх талийгаачийн хойчийг дурсах өдөр таарсан нь нөлөөлсөн болов уу.
Шар уулс хэмээн алдаршсан Хуаншань нь нэг өдөрт 20000 хүн хүлээн авах хүчин чадалтай боловч энэ тоо олон дахин хэтэрсэн учраас хаахаас өөр аргагүй болж, аяллын газрын захиргаа нь жуулчдыг өөр бусад газраар аялах, эсвэл дараа нь ирэхийг уриалжээ.
Мөн Ухань хотын захиргаа хүмүүсийг оршуулгын газар ирж Цинмин баярыг тэмдэглэхийг хориглосон нь вирусийн тархалт дахин гарах аюулаас сэрэмжилсэн арга хэмжээ юм. Оршуулгын газарын ажилтнууд нутгийн ардуудын өмнөөс талийгаач нарт хүндэтгэл үзүүлэх болсон байна.
Шар уулсаас гадна Цагаан хэрэм, Шавар арми, Потало ордон зэрэг газрууд мөн жуулчдад хаалгаа нээсэн бөгөөд үйлчлүүлэгч хүмүүсийг заавал маск зүүхийг анхааруулж, биеийн халууныг нь шалган оруулж байга юм. Харин Бээжин дэх Хаалттай хот, Шанхай дахь Диснейлэнд одоо хүртэл хаалттай хэвээр байна.