Ой, хээрийн түймрийн улмаас үүссэн хохирлын хэмжээ 40.5 хувиар өсчээ
Он гарснаас хойш Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг зургаан аймгийн 17 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гараад байна.
Түймрийн улмаас дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 51.018 га талбай, гурван айлын өвөлжөө шатжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 26.4 хувиар, хохирлын хэмжээ 40.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.