Бүүр нэг хэлмээр, чангаар хашхиран хэлмээр байдаг юм, Та нар гоё амьдраач!
Тэмцэж, сөрж, босч амьдрах ямар амттай, ямар бахдалтай, ямар гоё, ямар адын гэж санана аа! Бүүр нэг сэтгэл сэргэмээр. Бурууг сөрж, түүнийхээ төлөө адлуулж, хараалгаж, үзэн ядагдах ч бас л гоё мэдрэмж шүү дээ. Дандаа үзэн ядагддаг ч юм биш, бас хайрлуулдаг юм. Ард түмэн чамайг хайрладаг. Хайр ямар гоё гээч! Хайр, атаа хорсол, шүтэн бишрэлт, үзэн ядалтыг мэдэрч амьдрах ямар бахтай гээч?! Аль алинд нь хуурамч юм байдаггүй.
Хөр цаснаар хөл хүнд хөдөөгүүр явж, замын айлд бууж аяга гурилтай шөл идэж хоноод өглөө хөдөөний цэвэр агаар амьсгалж суниах, ганц машин цасанд сууж даарах, өвлийн халтиргаанд Загастайн даваанд эвдэрсэн ачааны машинтай таарч, жолоочид нь туслах /даваанд машин зөрөх боломжгүй/, тэгээд даваа давах... Өвлийн хальтиргаанд даваа өгсөх ямар эрсдэлтэй, хамгийн гол нь даваа давах ямар гоё гээч?! Даваа давж, уруудаж, дараагийн давааг өгсөж...
Өөрийнхөөрөө байж, унаж, ухаарч, өшиглөгдөн гадуурхагдаж, нурж, өөрөөрөө төлбөр төлж, түүнээсээ ухаарч босож тэмцэж, ялан дийлж, бусдыг дагуулж, туг нь болж, үзэл санаа тээж, түүндээ үнэнч байж, түүнийхээ төлөө тэмцэж, бас дахин алдаж, бас дахин ухаарч, тэгээд илүү томоор харж...
Үзэл санааны төлөө тэмцэх нь үзэгдэх үр дүнгүй мэт боловч хамгийн том үр нөлөөтэй тэмцэл байдаг! Нэгэнтээ чи ганцаархнаа жим гаргана, бүгд чамайг тойрч зогсоод шоолно, чамд зааварлана, бас хараана. Хамтрах хүмүүс маш ховор. Нэгэнт жим зам болон зурайсны дараа хүмүүс мянга мянгаараа чамайг даран давтана. Харин чи дараагийн жим рүү түрүүлээд явна. Ямар зэвүүн гоё мэдрэмж гэж бодно оо!
Хүмүүс бүгд удирдагчийг тойрон улыг нь уралдан долоож байхад айж хулчийж, зугтаж, болгоомжилж биш түүнийг эсрэгцэн зогсож, тэгээд ганцаардаж...
Ганцаардах ямар гоё гээч. Зөвхөн өөртэйгээ үлдэж, өөртэйгээ ярилцаж, өөрийгөө таньж, өөрөө өөртөө гутарч, өөрийгөө сургаж, өөрөө өөрийгөө шийтгэж, өөр дээрээ л тулан өндийж... Өөрөө чи ямар хүчтэй гээч!
Ямар ч шалтгаангүй хайрлаж амьдраач, ямар амттай, ямар... гэж санана аа! Эргэн тойрноо, эх орноо, улс үндэстнээ, ирээдүйгээ... Хайр ямар ч нэхэлгүй, ямар агуу байдгийг, жинхэнэ хайр юуг ч хүлээхэд бэлэн байдгийг мэдэрч үзээч!
Гэрээс гарч, төрөөр сэтгэж, өөрийнхөө төлөө биш, өрөөлийн төлөө, бусдын төлөө мөрөөдөж, өөрийгөө зориулж, өөрийгөө элээж, шаналж, зүхүүлж, бас дайсантай болох, улам том дайсантай болох... ямар хавтай гээч. Дайсан чинь чамайг хүндлэх ямар уужим гээч! Бас дайснаа хайрлах ямар сайхан гээч!
Ай даа... Бүүр нэг эрвэлзтэл..., ЭР ХҮН шиг амьдраач!
Яг өнөөдөр зүрх базалтал дурлах эр хүн ч олдохгүй байна! Ямар уйтай юм бэ?! Эзнээс уяатай, мөнгөнөөс хүлээтэй, измээ ч мэдэхгүй мөртлөө измд баринтаглуулсан, энэ ертөнцийн явдалд хүлэгдсэн, эмсэд жөтөөрхсөн, нүүрээ нуусан, хумсаа нуусан, өөрөө өөрөөсөө өөрийгөө нуусан, алдахаас айсан... Ай, зүрх базалтал дурлах эр хүнгүй байх ямар уйтай юм бэ...?!
Хүний энэхэн нас гэдэг нэгэн зуны ялааны амь. Залуу нас дэндүү богинохон шүү дээ. Амьдралын энэ бүх сайхныг мэдэрч амжихгүй залуу нас чинь дууслаа шүү дээ, чамд харамсалтай биш байна гэж үү?
Эрсдэл хийж, эрвэлзэж амьдрах! Өлөгчин чоно шиг, элэн халих бүргэд шиг... Ай даа... Ингэж амьдрах ямар гоё гэж санана аа. Энэ бол амьдын жаргал...
Үхэхийн цагт харамсалгүй, үлдэх үрсдээ бахдалтай, хамгийн гол нь үнэн! Үнэний гашуун бөгөөд амттайг яана!
Үнэнийг таних ямар урамгүй гээч! Гэхдээ түүнтэй байх нэг л үнэн, цаанаа л нэг нөмөртэй. Үнэн хэзээд ялдаг, гагцхүү түүнд жаахан цаг хугацаа л хэрэгтэй!
Үнэн байснаараа чи хэзээ ч ялагдахгүй, шударга байснаараа чи хэзээ ч өлсөхгүй,хайрласнаараа хэзээ ч гутрахгүй! Өнөөдөрт хүлэгдэж биш, ирээдүйд тэмүүлж, мөрөөдөж, хоргол тоолсон прагматик биш ирээдүйд, зөвд тэмүүлсэн, шалтгаангүй хайрласан... романтик байгаач! Домог шиг амьдраач!
ГОЁ АМЬДРААЧ! Бүүр нэг эрвэлзтэл...
Гантөмөрийн Уянга