Надад идсэн уусан, хийсэн бүхнээ сошиалд цацаад байдаггүй хүмүүс таалагддаг
"Надад эрүүл чийрэг биетэй, байнга зааланд явдаг ч тэндээсээ зураг оруулдаггүй хүмүүс таалагддаг. Надад зөв хооллодог мөртлөө булан тохой бүрт энийгээ яриад байдаггүй хүмүүс таалагддаг. Тамхи татдаггүй хирнээ хүн бүрлүү зөвлөгөө өгч дайраад байдаггүй хүмүүс таалагддаг.
“Би даруухан” гэж хэлчихээд оддын амьдралын нэг өдрөө хаана яаж өнгөрүүлсэн, аль дэлгүүрийн ямар хувцас өмссөнөө зуу зуугаар нь сторисдоо оруулаад байдаггүй, нууцлагдмал амьдардаг урлагийнхан таалагддаг. Хүүхдээ үнэн сэтгэлээсээ хайрладаг, #биболээж гэж нийгмийн сүлжээгээр нэг цацаад байдаггүй ээж нар таалагддаг. Өөрийн бүтээл туурвилаасаа ичингүйрдэг жинхэнэ суутнууд таалагддаг. Өөрийн гоо үзэсгэлэнгийн хүч чадлыг мэддэг ч, сэтгэл амар, бусдын анхаарлыг татахын тулд биеэ шажигнасан чихрийн цаас шиг худалдаж амьдардаггүй бүсгүйчүүд таалагддаг.
Гайхамшигтай үзэсгэлэнтэй, хэнд ч юуг ч нотлох шаардлагагүй эмэгтэйчүүдийн хаалттай аккаунтууд таалагддаг. Өөртөө зориулж амьдарсаар байгаа, амралтанд явж алжаалаа тайлахдаа оргилуун дарс ууж Милан хотын хаа нэгтээ үнсэлцсэн тухайгаа хэнд ч хэлдэггүй хүмүүс таалагддаг. Ямар нэг зүйлийг хийхдээ бусдын анхаарал, дэмжлэгийг авах гэж биш, зүгээр л хийх гэж, амьдрах гэж хийдэг хүмүүс надад таалагддаг. Би тийм хүмүүсээс суралцдаг. Өдөр бүр сурдаг. Зөвхөн өөрийгөө л анзаарсан орчин үеийн галзуурагсдын нэг болчихгүйг хичээдэг. Хүн мундаг байх тусмаа ямар ч асуудлаар илүү даруухан болдог. Харин дотроо хөндий хоосон зүйлс л чимээ их гаргадаг."
Ж.Билгүүн