Ажаад байхад Хөгжилтэй оронд мөрөөдөл төлөвлөгөө болж алхам алхмаар урагшилсаар биелдэг бол Монголд мөрөөдсөөр дуусах нь их. Анхны хэрэгцээгээ хангасаар амьдарлыг дуусгах дэндүү харамсалтай…Бэлэнчлэх сэтгэлгээг хэзээ ч дэмжихгүй. Юу ч хамаагүй хийгээд бие даах ёстой. Мэдээж онцгой хөдөлмөрч хүн хүссэн амьдралдаа хүрэх боломж хаана ч байгаа. Сайн аав ээжийн буянаар сайн яваа залуус ч бий. Гэхдээ би энд энгийн дундаж, татаас дэмжлэггүй мөнчигрөөрөө яваа залуусын тухай ярьж байна.
Аав ээжийгээ сорж сургууль төгсөөд арай гэж ажил дээр гартал цалин нь дээд тал нь 700 мянган төгрөг. Энэ мөнгө хүнс, тээвэр, ахуйн хэрэглээндээ арай гэж хүрнэ. Хэзээ яаж орлого нь нэмэгдэж хэрэгцээгээ бүрэн хангадаг болох юм бүү мэд. Хэдэн жил энэ хэмнэлээр яваад олигтой үр дүнд хүрэхгүй нь тодорхой болж өөр арга бодож эхэлнэ. Мөрөөрөө шударга хөдөлмөрөөрөө хэнээс ч хамаарахгүй хангалуун амьдрах боломж ихэнх залуусын хувьд бараг тэгтэй тэнцүү.
Ихэнх нь гадагшаа гарч ахиухан мөнгө олж амьдарлаа босгохын л мөрөөднө. Явсан нохой яс зууж мэдээж үр дүн гарна. Гэхдээ ингэж явсныхаа төлөө эрүүл мэндээс авхуулаад нүдэнд харагдахгүй маш өндөр үнэ төлнө.
Энэ тогтолцоо ихэнх залууст ухамсар ёс суртахуунаа түр далд хийгээд мөнгөний төлөө зүтгэхээс өөр зам үлдэхгүй. Ингэж явахдаа тэд буруу зөрүү зүйл байсан ч нүдээ аниад өнгөрнө. Нэг л мэдэхэд байж болох хамаг хогийн хөгийн занг өөртөө нэвт шингээсэн нэгэн болж хувирснаа мань залуу анзаарах ч үгүй урагшилна.
Ингээд нийгэм маань эвдэрч хэмхэрсэн хүнээр дүүрч энэ хүн эрх мэдэлд очоод жинхэнэ бузарлана. Нэгэнт тийм замаар замнаад ирсэн хүн цүнхийг нь бариад хэлсэнийг нь хийж байгаа дүү хүүгээ дэмжинэ. Дүү хүү эрх мэдэлд хүрнэ. Ёс зүй, ёс суртахууны нүд нь сохорсон хүн зөв буруугийн хил хязгаарыг давж байгаагаа юман чинээ тоохгүй өөрийгөө “Би сэргэлэн байна, би чадаж байна” гэж андуурна, бусад нь хулгайчийг өөгшүүлнэ. Чөтгөрийн тойрог үргэлжилсээр...
Эвдэрхий хүнээр дүүрсэн төрийн үр дүн тодорхой. ЖДҮ-гээс өгсүүлээд бүх боломжийг өөртөө л наана. Сүлдээ шантаажинд орж хар толгойгоо хадгалж үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй бусармаг бүхний уурхай болж хууль хяналтын байгууллагын хяналтандаа авах гэж улайрна. Бузар булайд нь дургүйцсэн зөв хүнийг бушуухан тойргоос гаргана. Уул нь буруу нь тод ялгарч зохих хариуцлагаа үүрээд тойргоос гардаг байх ёстой.
Нам, Улс төр бол эрх мэдэлд хүрч өөртөө давуу тал үүсгэх дөт зам гэж андуурсан залуус хэний ч хамаагүй цүнхийг барьж юу ч хамаагүй хийж хүссэндээ хүрэхээр улайрна.
Үгүй дээ! Улс төр бол бусдын төлөө зүтгэж буян хураах дөт зам. Нэг оновчтой шийдэл мянган мянган хүний амьдарлыг өөрчилдөг юм. Энэ амьдарлыг өөр яаж илүү сайхнаар өнгөрөөх юм бэ? Тэнд сэтгэлгүй, ёс зүйгүй хүнд орон зай огтхон ч байх ёсгүй!
Ийм л учраас бид залуусаа дэмжих, хамгаалах ёстой юм. Яг одоо манай улсын хувьд Хөгжилд хүрэх дөт зам бол залуусаа эвдэрхээс хамгаалах, дэмжих, мөрөөдлөө мартахаас нь өмнө боломж олгох. Эвдэрхий хүн багатай төрд хууль, шударга ёс ноёлж хүн бүрийн амьдрал зэрэг дээшилдэг учиртай. Тэд эх орноо хөгжүүлэх мөрөөдөлдөө хөтлөгдөн гайхамшгийг бүтээнэ!
Энэ болдлыг тээн 6 жил НАМЗХ-д зүтгэсэн юм.
Бид олон шинэчлэлийг хийж Ардын намыг ялахад хувь нэмрээ оруулсан. Цүнх баригчдыг ах нар оруулж ирдэг тогтолцоог халж, анхан шатнаас нь зүтгэсэн, бусдынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн аймаг, дүүрэг бүрийн манлайлагч залуус удирддаг болгон өөрчилж, далан мянган залуусаа бүртгэлжүүлж асуулдыг нь судлан хөгжих боломж олгох Хууль баталж чадсан. Бодлогын зөвлөл, Удирдах зөвлөл, нийслэл дүүрэг, аймаг сумын залуусаараа одоо ч би бахархдаг. Бид НАМЗХ-ийн түүхэнд олон хөгжил дэвшил авчирч чадсан, Ардын Намын олон эрүүл биш тогтолцоог ч ганхуулж чадсан. Журмын Нөхдөдөө Баярын Мэнд! Бурууг сөрж зогсхоос бүү ай! Мөрөөдөл биелэдэг улсыг бид өөрсдөө бүтээх ёстой!
Ц.Арилдийпүрэв