ДЭМБ-ын ерөнхий захирлыг огцруулах уриалгыг 700 мянган хүн дэмжжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебресусыг коронавирусын цар тахлын үед хангалтгүй ажиллаж байна гэж үзэн огцруулах тухай цахим өргөдөлд 716 мянга гаруй хүн дэмжиж буйгаа илэрхийлж гарын үсгээ зураад байна.
Тодруулбал АНУ-д төвтэй цахим өргөдлийн Change.org сайтад тавигдсан тус уриалга дээр ДЭМБ-аас нөхцөл байдалд хайнга хандсан нь вирусын тархалт ингэж эрчээ авахад нөлөөлсөн бөгөөд ерөнхий захирал Тедрос Адханом нь уг албан тушаалд тохирохгүй хүн гэж үзжээ.
"Олон хүн ДЭМБ-ыг улс төрийн хувьд төвийг сахигч гэж боддог ч тийм биш нь харагдсан... Хятадын мэдээлж буй халдвар, эндэгдлийн тоог ямар нэгэн тандалт, лавлагаа хийлгүйгээр шууд албан ёсны гэж үзсэн" гэж тэрхүү уриалга дээр бичигджээ.
Түүнчлэн Японы ерөнхий сайдын орлогч, сангийн сайд Таро Асо ДЭМБ-ын үйл ажиллагаанд эргэлзэж байгаагаа мэдэгдэж, тус байгууллага нь нэрээ "Хятадын эрүүл мэндийн байгууллага" гэж солих вий гэж санаа зовж байна хэмээн өнгөрсөн Пүрэв гаригт хэлсэн билээ.
Энэ тал дээр ДЭМБ-ын удирдлагаас ямар нэгэн хариу өгөөгүй байна.