Эх орондоо буцах хүсэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай 6,154 иргэн байна
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор гадаадад оршин суугаа монголчуудын амьдрал ахуй өдөр ирэх бүр дордож байна.
Монгол Улсын хувьд гадаадын улс орнуудаас иргэдээ эх оронд нь татан авчрах ажлыг шат дараатай зохион байгуулж буй. Иргэдийн зүгээс эхлээд гадаадад амьдрах боломжгүй болсон, санхүүгийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ эх оронд нь татаж авахыг шаардаж байгаа юм.
Гэвч сүүлийн үед гадны улсаас ирж байгаа иргэд дунд улс төрд тодорхой нөлөөтэй иргэн, сайдын хүү, хамаатан, УИХ-ын гишүүн, "сумочин", экс Ерөнхийлөгч, гадаадын элчин сайдын гэр бүл гэх мэтийн хүмүүс багтсан байгаад иргэд бухимдаж байна.
Тэгвэл Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэнээр өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсад суугаа 6,154 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлжээ.
Үүнд бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, визийн хугацаа нь дуусаж байгаа 135, амьдрах байрны асуудалд орсон 374, оюутан 585, санхүүгийн хүндрэлд орсон 54 болон бусад шалтгаантай 3904 иргэн байгаа аж.