Америкчууд Францын захиалсан амны хаалтыг замаас нь булаажээ
Прованс-Альп-Кот-Д’азур мужийн захирагч Рено Мусельер хэвлэлд, коронавирусийн тархалттай тэмцэх ажлын хүрээнд нийтдээ 60 сая амны хаалтыг Хятад улсын үйлдвэрлэгчид захиалсан боловч, замаас нь Америкчууд үнэ цохин худалдаж авсныг тэр ярьжээ.
Францын Прованс-Альп-Кот-Д’азур мужийн захирагч Рено Мусельер өчигдөр Хятад улсаас захиалсан 60 сая ширхэг амны хаалтыг далайгаар тээвэрлэж байхад нь Америкчууд үйлдвэрлэгч компанид их хэмжээний мөнгө төлж булааж авсан болохыг мэдээлсэн байна.
Тэрбээр албан ёсны мэдэгдэлдээ "АНУ-ын засгийн газар бидний захиалснаас 3-4 дахин өндөр үнэ амлан амны хаалтыг замаас нь булаан авч байна. Тийм учраас бид далайгаар бус өөр илүү хурдан аргаар амны хаалт тээвэрлэхээс өөр арга байхгүй." гэж хэлжээ.
Өдгөө АНУ-д хамгийн олон буюу 245,380 хүн коронавирусийн халдвар аваад байгаа бөгөөд 6000 гаруй хүн нас бараад байгаа юм.
Халдвар авсан иргэдийн тоо АНУ-д эрс нэмэгдэж байгаа учраас тус улсын эрх баригчид бусад орны захиалсан эм, тариа, амны хаалт зэргийг замаас булаах тохиолдол нэмэгдэх болжээ.