Дэлхийн эрүүл мэндийн байгууллага видео тоглоом коронавирусийг дарахад тусална гэж мэдэгдэв
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан ёсны уриалгад видео тоглоом коронавирусийн тархалттай тэмцэхэд тусална хэмээн тусгасан байна. Нэг үгээр хөл хорионд орсон хүмүүс видео тоглоомын тусламжтай уйдахаас сэргийлэхийн зэрэгцээ өөрсдийгөө завгүй байлгах боломжтой учраас тус вирусийн тархалтыг бууруулах тал дээр том тус болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
ДЭМБ-ын төлөөлөгч Рай Чемберс энэ талаар "Видео тоглоомын салбарын хүмүүс covid-19 өвчнийг дарах үүднээс #PlayApartTogether аяныг эхлүүлээд байгаа. Бид гэртээ байгаа ч гэсэн видео тоглоомоор дамжуулан бусадтайгаа холбогдон цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой юм. Тиймээс энэхүү аянд илүү олон хүмүүс хамрагдан бусдыг ч гэсэн нэгдэхэд уриална гэдэгт найдаж байна" гэж мэдэгджээ.
Хэдийгээр өнгөрсөн жил ДЭМБ видео тоглоомыг хар тамхинаас илүү донтуулах үйлчилгээтэй зүйл учир хязгаарлах хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан боловч ийнхүү аюулт цар тахлын нөлөөгөөр өөр байр сууринаас хандах болсон нь олон хүний шүүмжлэлд өртжээ.
Дэлхийн хамгийн том видео тоглоомын компаниуд болох Activision Blizzard, Ubisoft, EA зэрэг компаниуд гэртээ тусгаарлагдсан хүмүүсийг зугаацуулах үүднээс өөрсдийн бүтээгдэхүүнээ үнэгүй болгох эсвэл огцом хямдруулах зэрэг арга алхмыг хийж байгаа нь олон нийтийн талархлыг хүртээд байгаа юм.
Эх сурвалж: insider.com