АНУ-ын хөрөнгийн биржүүд 21-р зуунд байгаагүй хэмжээний алдагдалд орлоо
2020 оны эхний улиралд АНУ-ын томоохон хөрөнгийн биржүүд 21-р зуунд байгаагүй гэж хэлж болох алдагдалд ороод байна. Үүний нөлөөгөөр дэлхийн эдийн засаг энэ онд 2.7-2.9 хувиар агших төлөвтэй байгааг шинжээчид анхааруулж эхэлжээ. Мэдээж хэрэг энэ бүхэн нь COVID-19 өвчнөөс үүсээд байгаа эдийн засгийн уналтын нөлөө юм.
Энэ он гарсаар Америкийн аж үйлдвэрийн гол индекс болсон “Dow Jones”-ийн үнэлгээ 23 хувиар буурны дээр Лондонгийн "FTSE" индекс 26 хувиар буурсан болохыг албан ёсны эх сурвалжууд мэдээлж байна. Ийм хэмжээний уналт дээрх 2 бирж дээр 1987 оны их хямралаас хойш гараагүй болохыг эдийн засагчид анхааруулсан юм.
Үүний дээр АНУ-ын хамгийн том 500 компанийн хувьцааг хариуцдаг "S&P 500" биржийн индекс он гарсаар 20 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь 2008-2009 оны хямралаас хойш гараагүй явдал аж.
Хэдийгээр АНУ 2.2 их наяд ам.доллар, Их Британи 750 сая фунтийн эдийн засгийн тусламжийг ард иргэддээ үзүүлнэ гэж амлаад байгаа боловч түүнээс өмнө илүү хурдан үр нөлөөгөө өгөх арга хэмжээ авах ёстой болох нь тодорхой байна.
Үүнээс гадна 2020 онд дэлхийн эдийн засгийн агшилт 2.8 хувьд хүрэх буюу 2009 оны санхүүгийн хямралаас ч их байхаар байгааг анхааруулжээ. 2009 оны хямралын үеэр дэлхийн эдийн засгийн өсөлт 1.7 хувиар хумигдаж байсан юм.
Эх сурвалж: insider.com