Дэд Консулыг хар тамхины бүлэгт элссэн гэж Туркийн цагдаагийхан сэжиглэжээ
Эх орноо төлөөлөн гадаад улсад суугаа манай дипломат ажилтнуудтай холбоотой бас нэг дуулиан дэгдэв. Эл дуулиан БНТУ-ын Истанбул хотод суугаа манай Ерөнхий консулын газрынхантай дахин холбогдлоо. Өөрөөр хэлбэл, дипломат дугаартай автомашинаараа 70 кг хар тамхи тээвэрлэж, ХБНГУ-ын хилээр нэвтрүүлэх гэж байгаад баривчлагдсан тус газрын дэд Консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын гэмт бүлэглэлийн үйлдсэн хэргийн үргэлжлэл байх магадлалтай гэх.
Эх орныхоо болон Монголын дипломат албаны нэр хүндийг шавартай хутгасан энэ хоёр хүн яллагдахаар тус улсад хоригдож байгаа юм. Бидэнд олдсон мэдээллээр, өнгөрсөн сарын 17-нд Турк улсын холбогдох байгууллагаас манай Гадаад харилцааны яаманд ноот ирүүлжээ. Ноотод Истанбулын прокурорын газраас тус хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газрын дэд Консул Б.Энхмөнх, техникийн ажилтан асан Б.Алтансүх нарыг мансууруулах бодис хууль бусаар худалддаг гэмт бүлгийн гишүүнээр элссэн байж болзошгүй гэх мэдээлэл ирүүлсэн талаар дурджээ.
Монгол Улс, БНТУ-ын хооронд Иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу Б.Энхмөнх, Б.Алтансүх нараас Истанбулын прокурорын газрынхан байцаалт авах гэж буйг дурдаад зөвшөөрөл хүсжээ. Тус хотын прокурорын газраас дээрх хэрэг явдалтай холбогдуулан хавтаст хэрэг нээсэн аж. Туркээс Европын бусад улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлдэг гэмт бүлгийг тус улсын цагдаагийн ажилтнууд илрүүлэн шалгаж буй юм байна.
Энэ хэргийг шалгах явцад өнгөрсөн оны нэгдүгээр сарын 10, 13-нд дээрх хоёр хүнтэй холбоотой мэдээлэл авчээ. Эл мэдээлэлд дурдсанаар, тэд 34 сс 25 42, 34 сс 32 21 гэсэн дипломат дугаартай автомашинаараа мансууруулах бодис тээвэрлэсэн байж болзошгүй байгаа гэнэ. Түүнчлэн сэжигтнүүд тус улсад суугаа Монгол Улсын дипломат ажилтнуудаас илүү тансаг зэрэглэлийн орон сууцад амьдарч байгаа, тийм байр хөлслөх хөрөнгийн эх үүсвэрийг шалгах аж. Ташрамд дурдахад, дэд Консул Энхмөнх нь ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгтийн хүү, тус улсад их сургууль төгссөн нэгэн. Харин техникийн ажилтан Б.Алтансүх нь дээрх Ерөнхий консулын газарт ажиллаж байжээ. Түүний ажиллах эрхийг цуцалсан ч эх орондоо ирэлгүй тус улсад амьдарч байсан гэнэ.
Бэлтгэсэн: Д.Дагва
Эх сурвалж: Өнөөдөр сонин