Халдвар илэрсэн Туркийн иргэн Ерөнхийлөгчийн тусгаарлагдсан өрөөг голж байжээ
Энэ сарын 28-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн Турк улсын хоёр иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн болохыг өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн. Тус хоёр иргэн нь БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалын эхнэр, хүүхэд болохыг албаны эх сурвалж баталсан юм.
Тэднийг одоо Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн байрлаж байсан өрөөнд хэвтүүлж байгаа гэнэ. Эмнэлгийн зүгээс Элчин сайдын гэр бүлийнхний дипломат эрх ямбыг нь харгалзаж үзэж, тусгай өрөөнд оруулсан нь энэ аж.
Гэвч Элчин сайдын эхнэр тусгаарлагдсан өдрөөсөө эхлэн "тусгаарлагдах ёсгүй" хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн, тусгаарлах өрөөг голж, монголчуудыг элдвээр доромжилсон гэж эмнэлгийн ажилтнууд ярьсан байна. Мөн УОК-ийн дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нартай уулзуулж, тусгаарлалтаас гаргахыг шаардсан гэнэ.
Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадралаас тодруулахад, "Хүүхэд нь татаж унадаг өвчтэй юм билээ. Эхнэр нь сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй. Элчин сайд Ахмет Язалын зүгээс гэрээрээ тусгаарлагдах хүсэлт тавьж байсан. Мэдээж бид тэрхүү саналыг нь хүлээж аваагүй" гэсэн юм.