Туркменистан улс "Коронавирус" гэдэг үгийг ашиглахыг хоригложээ
Төв Азийн Туркменистан улсад коронавирусын тохиолдол илрээгүй байгаа билээ. Гэхдээ тус улсад "коронавирус" гэдэг үгийг хориглох зарлиг гарчээ.
Тус улсыг 2006 оноос хойш удирдаж байгаа Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов тус зарлигийг гаргасан байна.
Энэхүү зарлигийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус үгийг ашиглахгүй, иргэд олон нийтийн газар байх даа хэрэглэж болохгүй юм байна. Мөн өмнө нь тараагдаад байсан коронавирусээс сэргийлэхийг уриалсан хэвлэлүүдийг эргүүлэн татаж байгаа юм.
Энэхүү зарлигийн хэрэгжилтийг гүйцэлдүүлэх үүднээс энгийн хувцастай цагдаа нар олон нийтийн газраар эргүүл хийн "коронавирус" гэж ярьсан хүмүүсийг баривчилж эхэлжээ.
Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн Жан Кавилер "Мэдээллийг няцаах, нуун дарагдуулах гэсэн энэ шийдвэрээс болж энгийн иргэд л хохирох болно. Олон улсын байгууллагууд хамтран энэхүү хүний эрхэд халдсан шийдвэрийг цуцлуулах тал дээр анхаар ажиллах хэрэгтэй" гэж хэлсэн байна.
Туркменистан нь коронавирусийн голомт болоод байгаа Иран улстай хиллэдэг бөгөөд одоогийн байдлаар хилүүдээ бүрэн хаагаад байгаа аж.
Колумбын их сургуулийн Төв Азийн улс төр судлалын мэргэжилтэн Александр Күли "Туркменистан бол хэвлэлийн эрх чөлөө маш хязгаарлагдмал, дэлхийд энэ тал дээр сүүл мушгидаг орон. Тэнд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бараг байхгүй. Ерөнхийлөгч Гурбангулы өөрийн улсын нэр төрийг харуулахын тулд коронавирусийн талаарх бүх мэдээллийг нуух санаатай байгаа нь илэрхий байна" гэж хэлжээ.