Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн ажилтнууд түрээс төлөхийг эсэргүүцсэн, түүний оронд шинэ эмнэлэг барья гэсэн

Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн ажилтнууд түрээс төлөхийг эсэргүүцсэн, түүний оронд шинэ эмнэлэг барья гэсэн

ХСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.

 

 

-ХСҮТ-ийн байр ачааллаа дийлэхгүй байгаа тул  “Энэр мед” компанийн шинээр ашиглалтад оруулсан эмнэлгийн барилгыг түрээслэх асуудал Засгийн газрын түвшинд өнгөрсөн жил яригдаж шийдлээ оллоо гэж ойлгосон. Гэтэл энэ ажил гацсан талаар  УИХ-ын гишүүн М.Билэгт хэвлэлд ярьжээ. Юу болсон талаар тайлбар өгнө үү?

 

- Асуудлын гол нь  манай төсөвт тавигдсан түрээсийн зориулалттай зардлын тухай юм. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд ХСҮТ-ийн тусламж үйлчилгээнд гурван чиглэлийн зорилт тавьж, тусламж үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, ачааллыг бууруулахад зориулан түрээсийн зардалд 3.7 тэрбум төгрөг, ус, цахилгаан бусад тогтмол зардлыг гурван тэрбум төгрөгөөр тооцон нийтдээ 6.7 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. 2019 оны тавдугаар сараас энэ асуудал яригдаж эхэлсэн  байдаг. Та бүхэн ХСҮТ  хоёр дахь “Нарантуул” гэж нэрлэгдсэн тухай, тэнд эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх гэсэн иргэд нь хэдэн сараар хүлээдэг тухай сонсож  байсан байх. Үнэхээр манай тусламж үйлчилгээ бүх тал дээр хүлээгдэлтэй байгаа. Хүлээгдлийг аваад үзэхэд хими, туяа эмчилгээн дээр хамгийн их ачаалалтай, мэс заслын эмчилгээнүүд мөн тодорхой хугацаанд хүлээлттэй явж ирсэн. Энэ асуудлыг шийдэхийн тулд  ХСҮТ-ийн эмч, ажилчид нийт 160 гаруй хүн гарын үсэг зурж манай эмнэлгийн хашаанд баригдсан “Энер мед” компанийн байр болох М.Билэгт гишүүний өмчийн барилгыг анх худалдан авах санал тавьсан юм билээ. Барилга нь манай эмнэлгийн хашаанд  байдаг. Тухайн байгууллага нь ч  заръя гэсэн. Тэгэхээр манайхан худалдаад авчихвал яасан юм бэ гэсэн юм байна лээ. Ингээд  худалдаж авах тухай анхны  яриа хэлцэл  үүсээд явж  байхад барилгын тогтоосон үнэ 20 орчим тэрбум төгрөг юм байна гэхэд нь бололцоотой гэж үзсэн байдаг. Жилд   7-8 тэрбум төгрөгийн төсөв батлагдчихвал 2-3 жилд авчих юм байна гэсэн тооцоолол хийгдэж, яриа хэлэлцээр үүсч Засгийн газар хүртэл яригдсан юм билээ. Харамсалтай нь  тэр үед барилгын нийт өртөг 20 орчим тэрбум төгрөг биш, ер нь бол 60 тэрбум болно гээд “Энэр мед” компани нь анхны яриа хэлэлцээрээсээ ухарсан байдаг. Түүнээс нь болж ХСҮТ тухайн барилгыг нь худалдаж авч чадахаа байсан. Барилгыг  худалдаж аваад эмнэлгээ өргөтгөнө гээд явж байсан хүмүүсийн анхны хүсэл зориг бүтээгүй. Харин нөгөө компанийн талаас барилгаа түрээслэе гэсэн юм билээ. Тэгэнгүүт түрээслээд, төсөвт зардлыг суулгаад явчихад болох юм байна гэсэн ойлголтыг авсан байгаа юм. Түрээсийн төсөв өртгийн талаар Засгийн газар дээр ярьж,  асуудлыг холбогдох байнгын хороо руу шилжүүлэхэд  хэд хэдэн  зүйл яригдсан байдаг. Нэгдүгээрт, амбулаторийн 12 кабинетийг нэмнэ, тусламж үйлчилгээний хүлээгдлийг 74 хувиар бууруулна гэсэн. Хоёрдугаарт, хагалгааны дор хаяж дөрвөн өрөөг бий болгож нэмэгдүүлснээр мэс заслын тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулна. Гуравдугаарт, үүнтэй холбоотойгоор  хөдөө орон нутгаас ирж байгаа хүмүүст сувилахуйн тусламж үйлчилгээ болон хордлого тайлах тусламж үйлчилгээ үзүүлж байхаар орны багтаамжийг нэмэгдүүлнэ гэсэн зорилттой байсан юм билээ. Энэ байрыг одоогийн байдлаар түрээслэчихвэл эхний болон гуравдугаар зорилт биелэгдэх боломжтой. Харин мэс заслын өрөөг дөрвөөр нэмэгдүүлнэ гэдэг хоёр  дахь зорилт биелэх боломжгүй  байгаа юм.

 

МЭС ЗАСЛЫН ӨРӨӨ БАЙГУУЛАХ  АМАРГҮЙ   

 

-Та болохоор  мэс заслын өрөөг дөрвөөр нэмэгдүүлэх асуудал биелэхгүй байна гэлээ. М.Билэгт гишүүний зүгээс  болж бүтээд эхлүүлсэн ажлыг гацаасан хүн нь таныг гэж  нэр цохсон байсан?

 

-Өмнөх захирал надад ажил  хүлээлгэж өгөхдөө “Эхлүүлсэн ажлаа танилцуулаад, ... энд гэхдээ ийм асуудал байгаа шүү. Уг нь ард түмэндээ чиглэсэн хавдрын  тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд энэ ажлыг хийхийг зорьж байгаа юм. Яриа хэлэлцээний ихэнх хэсэг нь явсан, М.Билэгт гишүүнтэй эдгээр асуудлыг хэлэлцэж, аль аль талаасаа зөв шийдэх асуудал байгаа юм. Хуульд нийцүүлж шийдэх учиртай. Хэрэв тэгэхгүй бол биелэхгүй шүү” гэсэн. Би ажил хүлээж аваад яриа хэлэлцээнүүд болон эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэн судалсан. ЭМЯ-наас чиглэл авч, өмнөх удирдлагуудын зүгээс ч хийх ёстой ажил гэдгийг нь ойлгож мэдсэн учраас  хэрэгжүүлэх гэж хичээсэн. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд М.Билэгт гишүүнтэй нэлээд олон удаа уулзаж ярилцлаа. Уулзаад ярилцаж байхад тэндээс нэг зүйлийг ойлгож авсан. Тэр нь юу вэ гэвэл  гэрээ хэлцэл 2019 оны тавдугаар сараас эхлэн  явж байхдаа манай талаас саналаа дэвшүүлж, ийм гэрээ байх юм шүү гээд явдаг. Нөгөө талаас түүнийг нь огт авч хэлэлцэхгүйгээр өөрийнхөө хүссэнийг тулгадаг. Түүнд нь манай барилгыг м.кв-ыг нь 30.8 мянган төгрөгөөр түрээслэ, дээр нь НӨАТ өг гэж байгаа юм. Гэтэл эрүүл мэндийн байгууллага НӨАТ –ын баримт өгдөггүй, тийм байтал өг гээд байдаг. Дээр нь бүх зардлыг төл гэдэг. Аливаа байрыг түрээслэхэд хамгаалалт болон бусад зүйлүүдээ хариуцдаг. Гэтэл танайх бүх зүйлээ өөрсдөө хариуц, бүх төлбөрөө хий гээд улсын байгууллага руу түлхдэг. Хамгийн гол нь түрүүнд дурдсан хагалгааны дөрвөн өрөөг “Өөсрдөө хий, та нар төсвийн мөнгийг надаас харамлалаа. Тэрийгээ  өөрсдөө хий” гэсэн шаардлагууд тавьж  ирсэн. Бид энэ талаар  хоорондоо олон удаа ярилцсан. Эхний удаа “Гэрээн дээр байгаа  м.кв нь 30.8 мянган төгрөг гэж байгаа дээр манайх НӨАТ төлдөггүй. Иймд энэ мөнгөн дээр дахиж мөнгө нэмж авч болохгүй. Төсөвт суулгаснаас илүү мөнгө  бид төлж чадахгүй. Ийм эрх мэдэл байхгүй. Цаанаас өгсөн төсвийг л үр ашигтай зарцуулах үүрэгтэй байдаг учраас бидэнд өөр боломж байхгүй” гэж хэлсэн. Энэ асуудал багагүй хугацаа авсан. М.Билэгт гишүүн олон газраар явсаар сүүлдээ “За үүнийг зөвшөөрлөө” гэсэн. Дараа нь мэс заслын өрөөг дөрвөөр нэмэгдүүлэх асуудлыг ярьсан.

 

-Уучаарай, таны яриаг таслаад нэг зүйл тодруулчих уу.  Эмнэлгийн зориулалттай барилгыг Улсын комисс хүлээж авсан гээд байгаа шүү дээ. Тэгэхээр зориулалтын  хагалгааны өрөөтэй байж таарна. Гэтэл тийм өрөө байхгүйгээс хоёр тал  маргаад  байгаа юм уу?

 

-Улсын комисс хүлээж авсан тухайд  би энд яриад яах вэ. Тэр тусдаа асуудал байх. Хамгийн гол нь эмнэлгийн зориулалттай барилга юм бол тэр байр хагалгаа хийх бүх өрөө нь бэлэн байх ёстой. Үнэндээ бол таван давхартаа хагалгааны хэсэг байрлаж байгаа.  Тэнд дөрвөн хоосон өрөө л байгаа. М.Билэгт гишүүний хэлээд байгаа зүйл нь энэ өрөөгөө та нар вакумжуулаад бүх зүйлээ хийчихээр мэс заслын өрөө болчихно гээд байдаг. Энэ нь үнэндээ гишүүний хэлж буй шиг тийм амархан зүйл биш. Одоо ямар байгааг бид мэдэхгүй. Ийм шаардлагыг бид удаан хугацаанд тавьж ирсэн.  Урд нь бид хийхгүй биш хийе  гэж  бас үзсэн. Урсгал зардлаа танаж  мөнгө гаргаад хийх гээд үзье гэсэн. Төрийн өмч учраас төрийн тухай хуультай, мэддэг газар нь ТӨХ. Бид ТӨХ руу ингэж шийдэж болох уу гэсэн албан бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл, бид ард түмний татвараас цугласан  улсын төсвийн хөрөнгөөр хувийн байгууллага дотор үл хөдлөх хөрөнгө хийж болох уу. Зөвшөөрөл олгооч гэсэн хүсэлт явуулсан. ТӨХ “болохгүй” гэсэн хариу өгсөн. Тэр хариуг нь М.Билэгт гишүүнд өгсөн. Дараа нь  бид гуйж очсон, та өөрөө мэс заслын өрөөнүүдээ байгуулчих. Хагалгааны өрөө, тусгай зориулалтын өрөө түрээслэсэн гэдгээр нь нэмэлтээр буюу аажимдаа элэгдлийн зардал төлөөд явад байж болох юм. Ийм хэлбэрээр гэрээ хийж болох уу гэхэд “Төрийн байгууллагынхан биднийг дарамталдаг. Та нар өөрсдөө хийх ёстой” гэсэн. Тэгэхээр нь “Мэс заслын өрөөнүүд танай эмнэлгийн байранд, танд үлдэнэ шүү дээ. Харин ч мэс заслын өрөөнүүд бий болсноор танай эмнэлгийн барилгыг жинхэнэ эмнэлгийн барилга болгоод өгчихөж байна шүү дээ.

 

Хагалгааны өрөөгүй эмнэлэг  байдаггүй. Хагалгааны өрөө хийх амаргүй. Хүн орохгүй урсгалыг хааж гарц орц гаргах гэхчлэн нэлээд зардал гардаг учраас бид хийх боломжгүй байна. Иймд танайх  түүнийгээ хийчихвэл бид аажимдаа урсгал зардалдаа оруулан  төлөөд явж болохоор байна” гээд  гарц гаргалгаа гаргаад хэлэхээр М.Билэгт гишүүн уурлачихдаг. “Та нар өөрсдөө мэс заслын өөрөөгөө хий.  Гарахаар бол  хуулаад аваад явахгүй юу” гээд  загнадаг. Мэс заслын өрөөний тохижуулалт, вакумжсан орчин  гэдэг энгийнээр тайлбарлахад хэн  нэгэн ханынхаа будгийг хуулж аваад дараа нь өөр газар хэрэглэж болохгүйтэй адил зүйл байдаг. Үүнийг хэчнээн тайлбарлаад   байхад ойлгохгүй  бүдүүлэг  байдлаар хандаад “Тэрүүгээр чинь би яах юм” гээд  зүтгээд байх юм. Тэгэхээр нь дахиад хэлсэн “Та үүнийг хийгээд өгчихвөл бид гэрээ хийж болох гээд байна шүү” гэж учирласан. Хууль зүйн орчныг бүрдүүлэх талаас ч бид бүх зүйлийг хийсэн. Тухайлбал, хоёр удаа тендер зарласан. Тендер зарлаад байхад өөрсдөө орж ирээгүй. Тэгсэн атлаа бидэнд “Та нар тендер зарлаж байгаа бол би ерөөсөө танай тендерт ч орохгүй. Та нартай ч хамтран ажиллахгүй. Танай байгууллагад түрээслүүлнэ гэсэн бүх санаагаа хаялаа. Ингээд  хувийн байгууллагуудтай харилцахаар боллоо шүү” гэсэн албан бичиг ирүүлсэн. Тийм бичиг өгчихөөд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн биднийг ажил хийлгэхгүй дарамталсаар өнөө хүрч байна.

 

ТӨРИЙН ӨМЧИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР “ЭНЭР МЕД” РҮҮ  ШИЛЖҮҮЛЭХ ЭРХ НАДАД Ч, М.БИЛЭГТ ГИШҮҮНД Ч БАЙХГҮЙ

 

 

-Хувийн компани  ХСҮТ-ийн газрыг авч  барилга барьчихаад түүнийгээ буцаагаад төрд шахаж байна гэж  шүүмжлэх хүн байдаг. Хувийн байгууллага хавдрын эмнэлэг барилаа гэж магтах нь ч цөөнгүй. Яаж ч бодсон хувийн компани улсын эмнэлгийн газрыг авч, дээр нь эмнэлгийн зориулалттай барилга барьсан нь өөрөө асуулт санагддаггүй гэж үү. Та энэ өнцгөөс сонирхож  асууж байв уу?

 

- “Энэр мед” –ийн барилга  манай эмнэлгийн хажууд, ХСҮТ-ийн  газарт,  хашаан дотор яагаад баригдсан тухайд мэдэх юм алга. Газрын асуудлыг миний хувьд мэдэхгүй. Харин Төсвийн тухай хуульд  “Энэр мед”-д  зориулж түрээсийн гэрээ  байгуул гэсэн үг , өгүүлбэр байхгүйг л би сайн мэдэж байна. Хэрэв Төсвийн тухай хууль ингэж нэр зааж  батлагддаг байсан бол бид шууд тэр компанитай гэрээ хийчих байсан. ХСҮТ-ийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд, эмчилгээ, үйлчилгээг өргөжүүлэх гурван чиглэл бүхий зорилтыг биелүүлэхийн тул та бүхэнд төдөн төгрөгийн түрээсийн зардлыг баталлаа. Хамгийн боломжтой байраа түрээслээд үйл ажиллагаагаа өргөжүүл гэж төсөв баталж, шийдвэр гарсан. ХСҮТ-ийн зүгээс хамгийн бололцоотой гэж харсан обьект нь ойрхон байсан “Энэр мед”-ийн барилга. Ингээд   гарц гаргалгаануудыг гаргаж гэрээ хэлцэл хийгээд байхад өөрөө хойрго хандаж, хойшоо суучихаад олон нийтийн сүлжээгээр ажил хийлгэхгүй иймэрхүү хандлага гаргаж байгаа нь харамсалтай.

 

- 2019 оны тавдугаар сараас эхлээд энэ хүртэл шийдэж чадалгүй жил тойрсон гэхээр  анхны  гэрээ нэлээд хатуу байсан гэсэн үг үү?

 

- Ер нь бол маш хатуу гэрээ байсан. Зөвхөн нэг заалт нь л гэхэд манай байгууллагыг түрээсийн хугацаа дуусаад гарахад барилгыг анхны байсан байдлаар нь хүлээлгэж өгөх ёстой гэх мэт  хатуу заасан байсан. Хэрэв цонх нээх бол “Энэр мед” компаниас хүн дуудна  гэсэн байх жишээтэй. Түүнчлэн усны мөнгө төлөхөөс гадна усыг шахаж байгаа  моторын мөнгийг давхар  төлнө гэхчлэн бүх юмыг мөнгөөр тооцоод   түрээслэж байгаа байгууллагадаа хэдэн давхар ачаа  үүрүүлсэн гэрээ байсан. Бид дэргэдээ байгаа барилгыг түрээслэчихвэл  нүүх, суухаас өгсүүлээд хялбар байх талыг бодолцон  гэрээний төслийг судалж,  удаан хугацаагаар ажилласан. Гарц гаргалгааг гаргаад хоёр талаасаа ярилцаад аль болох  болгохсон, бүтээчих юмсан гэж зүтгэсэн.

 

-Би наашаа ирэх замдаа хэд хэдэн байгууллагаар орж түрээсийн өртгийг судлалаа. Оффис болон эмнэлгийн барилгыг түрээслэх өртөг  м.кв нь  дунджаар 20 мянган төгрөг байдаг юм байна. Гэтэл “Энэр мед”-ийн барилгыг  яагаад  30.8 мянган төгрөгөөр түрээслэх гэрээ хэлцэл эхлүүлсэн юм бол. Бас гэрээ хэлцэл эхэлсэн ажлыг Н.Эрдэнэхүү захирал  гацаагаад байна гэдэгт та тодорхой  тайлбар хэлнэ үү?

 

-Ний нуугүй хэлэхэд, энд сая таны асууж байгаа шиг  маш олон хардалт сэрдэлт явагддаг. Яагаад үнийг нь ингэж тогтоосон юм бэ, энэ үнийг хэн тогтоосон юм бэ, яагаад заавал энэ хүнтэй гэрээ байгуулах болсон юм бэ, энэ хүнд яагаад ийм давуу эрх үүссэн юм бэ гээд асуудаг, шалгаадаг. Энэ бүхэнд  хуулийн гаргалгааг зөв гаргах ёстой.  Гадуур  янз бүрийн эмнэлгийн барилга  байгаа. Бид ч бас судалж үзсэн. Байрлал, чанар, хийцээсээ  хамааран м.кв нь 15-25  мянгын хооронд хэлбэлздэг. Дундаж нь 19.5 мянга орчим  байгаа. 19.5 –аас   30.8  мянгын хооронд 11.3 мянган төгрөгийн зөрүү гарна. Үүнийг нийт м.кв-аар бодож, 12 сараар үржүүлэхэд өчнөөн мөнгө гарна. Энэ хүртэл яагаад гэдэг асуулт гарна. Ганц гаргалгаа нь хагалгааны өрөөтэй, дээр нь 10 мянган м.квадраттай, дээр нь байршлын хувьд ХСҮТ-ийн хажууд байрлалтай гэсэн давуу тал байж болох юм. Гэтэл хагалгааны өөрөөгөө хийж өгөхгүй гээд байдаг. Ийм өндөр үнэтэй байж  яагаад хийж өгөх зүйлээ хийж өгчихөөд бололцооны үнээр түрээслээд байж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг  л  зарчмын хувьд  бид хуульд нийцүүлэн тавьж байгаа. Ямар нэгэн байдлаар зарчмаас гажсан, хууль нийцээгүй  байвал энэ болохгүй. Тэрийг нь л би  эсэргүүцээд байгаа юм. Мэс заслын өрөө хийгээд өгөөч гэхээр М.Билэгт гишүүн  Төрийн болон орон нутгийн өмчийн  тухай хуулийн 30.2 дахь заалтыг бариад  тайлбарлаад байдаг. Бидний зүгээс энэ хуулийн 30.3-ын дагуу шаардлага тавьдаг. Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн  тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.2, 30.3 нь хоёулаа адилхан нэг л зүйл юм. Энэ нь төрийн өмчийг үнэ төлбөргүй шилжүүлэх тухай заалт байдаг.

 

 

 

Төрийн өмчийг үнэ төлбөргүйгүйээр “Энэр мед” компани руу шилжүүлэх  эрх надад ч, М.Билэгт гишүүнд ч байхгүй.  ТӨХ-ны шийдвэр гарч байж Засгийн газар, УИХ хэлэлцэж баталдаг хуультай. Хуульдаа цагаан дээр хараар ингээд биччихсэн байхад эрхэм гишүүн  өөрийнхөө зүгээс, өөрийн ойлгосноор тайлбарлаад яваад байгаа. Би өөрт нь зөвлөсөн, “Та хуульч аваач. Хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлаад яваад байж болохгүй” гэж. Даанч  хэрэгжүүлэхгүй юм.

 

 

 

ДАРАМТ ШАХАЛТ  ИРЖ БАЙГАА Ч  ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ УЧРААС  БИ АЙХГҮЙ  

 

-Тэгвэл энэ асуудлаас болж танд дарамт, шахалт ирж байна уу?

 

-Нуулгүй хэлье, дарамт шахалт их байна. Тэр нь хувь хүнээс ч байна, янз бүр байх юм. Тэр болгоныг яриад яах вэ. М.Билэгт гишүүн өөрийн биеэр маш их дарамт үзүүлсэн. Би УИХ-ын гишүүнийг өрөөндөө  уйлуулаад суулгаад баймааргүй байна. Уйлж байснаа уурлаж бухимдаад  энэ өрөөнд байгаа төрийн  захиргааны албан хаагчдыг загнадаг. “Чи дуугүй бай, амаа тат. Та нар ингэдэггүй юм, чи тэгдэггүй юм” гээд биднийг дарамталж  загнадаг. УИХ-ын гишүүн төрийн байгууллага дотор орж ирчихээд хувийн компаниа төлөөлөөд ийм байдалтай явж болдог эсэхийг мэдэхгүй. Би их гайхаж байна. Утсаар ярина, уурлана, уурлаж байснаа аргадах юм. Хүрч ирээд уйлаад л байна,  уйлаад байна. Тэгснээ гэнэт инээгээд аргадна. Тэгж байснаа төрийн байгууллагууд руу “Энэ эмнэлгийн захирлыг солиод өгөөч ээ. Захирал хийх чадвартай өөр хүнээр гэрээ хийлгээд өгөөч. Энэ хүн хийхгүй юм бол өөр хүнээр хийлгэчих. Энэ даргыг нь соль” гээд утасдах юм. Би энэ ажлыг хүлээж аваад 2-3 сар л болж байна. Ер нь төрийн байгууллагын дарга нь УИХ-ын гишүүний хувийн сонирхлыг гүйцэлдүүлэх ётой. Тэгээд санаанд нь тохирохгүй бол халаад  зохицож  чадах хүнээр дарга тавьдаг юм уу, эсвэл энэ хүн тэгж боддог юм уу. Миний мэдэхгүй ийм журам байна уу, гайхаж л байна. Бас нэг зүйлийг онцлон хэлэхэд, эрхэм гишүүн миний албан өрөөнд орж ирж суучихаад “Эрдэнэхүү дарга аа, удахгүй сонгууль дуусна. Түүний дараа би гомдлоо гаргана. Гомдол гаргахаар  нэг жил тойрох л биз. Эцэст нь Засгийн газрын буруу болж 3.6 тэрбум төгрөгийг надад төлж намайг хохиролгүй болгох шийдвэр гарна. Шийдвэр гарангуут шүүх  буруутай албан хаагчийг тогтооно. Тэр нь та. Засгийн газар мөнгөө гаргахдаа танаар төлүүлнэ. Та төлөхөөс өөр аргагүй болно. Төлж чадахгүй бол та шоронд орно. Тэгэхээр ингэж байхаар хоёулаа эндээ гэрээгээ хийчихье л дээ” гэж шантаажилсан. Би аливаа сүрдүүлэг, дарамтаас айхгүй ээ. Учир нь би  хууль, дүрэм журмыг зөрчөөгүй. Харин энэ хүн шүүхэд нөлөөлж хүссэн шийдвэрээ гаргуулаад намайг шоронд хийж чадна гэдгээ мэдээд байгаа юм шиг байгаа юм. Дарамт  бол ингэж л явагдаж байна.

 

-Тантай ярилцахын өмнө би эмнэлгийн хонгилд таарсан зарим эмч, ажилтнуудын сэтгэгдлийг сонирхсон. “Энэр мед”-ийн барилгыг түрээслэж байхаар шинэ эмнэлэгтэй болсон нь дээр гэж үзэж санал гаргаад  гарын үсгээ зурж удирдлагууддаа өгсөн гэсэн. Энэ үнэн үү?

 

- ХСҮТ-ийн хамт олон  өндөр  үнээр байр түрээслэхэд  дургүй байгаа.  Намайг ажил хүлээж авахаас өмнө ч, ажил хүлээж аваад хамт олны хурал хийж байхад ч “Та нар яагаад ийм өндөр түрээс төлөх гээд байгаа юм бэ. Энэ компани хууль бусаар манай газраас авсан. Анхнаасаа манай төвд шахах зорилгоор барилга барьж, түрээс төлбөр ярьж байхад яагаад зөвшөөрөөд  байгаа юм бэ. Түрээс төлж байхаар ХСҮТ-ийн дэргэд  өргөлтгөл хийгээд мэс заслын байраа барьчихаж болдоггүй юм уу  гэсэн хүсэлт, шаардлагууд яригдсан. Миний бие ганцаараа шийдэх эрхгүй тул мэс заслын клиникийн эмч, мэргэжилтнүүдийг цуглуулж  хуралдсан. Бид ийм зорилготой ажиллалаа, мөн хуулийг хэрэгжүүлэх ёстой. Одоогоор энэ байранд мэс заслын өрөө байхгүй ч, та бүхэн орьё гэвэл орж болно гэсэн хүсэлтийг ч  гэсэн миний зүгээс тавьж байсан. Гэтэл мэс заслын клиникийн эмч, ажилтнууд “ Өнөөдөр манай нийт тусламж, үйчилгээний  51 хувийг мэс засал эзэлж байна.  Мөн 22 хувь нь яаралтай тусламж үйчилгээ байна.  Өөрөөр хэлбэл, хоёр хүн тутмын нэгд нь мэс заслын тусламж хэрэгтэй боловч хүлээгдэл их, дунджаар сар орчим байна. Байдал ийм байхад хагалгааны өрөөгүй эмнэлэг түрээслэх нь хэвтэх орны тоог л нэмэгдүүлэхээс биш мэс засал хүлээх хугацааг нэг өдрөөр ч нэмэгдүүлэхгүй. Тэгэхээр тэр барилга руу түрээс төлж ороод нэмэргүй, бид үүнийг эсэргүүцэж байна. Бидэнд наад барилга чинь ямар ч хэрэггүй, харин ч өр төлбөр үүсгэж дарамт болно. Үйлчлүүлэгчдийн   хүлээгдэл, чирэгдэлтэй холбоотой бухимдал, гомдол ч буурахгүй” гэцгээсэн.

Эмч, эмнэлгийн ажилтнууд тоо, тооцоололд таг хүмүүс бас биш ээ. Тэд хэлж байна.  Өнөөдөр барилгын карказ 6-6.5 мянган төгрөгөөр босч байна. Тэгвэл  6.7 тэрбум төгрөгөөр 10 мянган м.кв  эмнэлгийн барилга барьчих боломж байна. Доторхийг нь хандив тусламжаар олж хийе. Тоног төхөөрөмжөө өөрсдөө хийе. Яагаад энэ мөнгөөр олон жил хувийн компанийн байрыг түрээслэх гээд байгаа юм бэ. Манай ХСҮТ-д дараа нь юу үлдэх вэ, нэг л өдөр тэр компани  өөрт нь таалагдахгүй бол биднийг гар, яв гэнэ шүү дээ. Түүний оронд нэгэнт  6.7 тэрбум төгрөг нь төсөвт суусан юм бол байшин босгоод авъя, барилгын төсөв хийдэг хүмүүстэй уулзъя гэсэн хүсэлт тавиад байгаа. Нэг бодлын тэдний хэлж ярьж байгаа буруу биш юм. Гэхдээ үүнийг ярихаар улс төрийн хувьд хэцүү юм. М.Билэгт гишүүн л гэхэд улс төрийн албан тушаалтай хүн. Энэ хүний байрыг заавал түрээслэ гэж Төсвийн хууль батлаагүй байхад “Миний байрыг түрээслэх ёстой. Надтай  л гэрээ хийх ёстой” гээд дайраад байх юм. Нэгэнт ийм хэмжээний мөнгө байгаад  түүнийг эрүүл ухаанаар харж тооцвол 6.7 тэрбум төгрөг бол ХСҮТ хажуудаа шинэ өргөтгөл бариад, тэр нь энэ эмнэлгийн  үл хөдлөх хөрөнгө болж, хавдрын  тусламж үйлчилгээг илүү зардалгүйгээр явуулаад байх боломж юм. Ийм боломж хоёр жилийн хугацаанд хангалттай бий. 6.7 тэрбумыг хоёроор үржүүлэхэд 13  тэрбум, дөрвөн  жилд 30 –аад тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг дөрвөн жил байр түрээслэхэд зарцуулах гээд байна шүү дээ. Манай хажуугийн өргөтгөл л гэхэд 5.5  тэрбум төгрөгөөр баригдсан. Тэгэхээр  тийм их мөнгөөр хүний байрыг ингэж түрээслэх үү? Эсвэл  ХСҮТ-дөө шинэ байр босгох уу? гэхчлэн  олон  өнцгөөс эмнэлгийн эмч, ажилтнууд  харж, ярьж байна л даа. Олон нийт ч хардаж асуух  нь  аргагүй байх.

 

ХОРТ ХАВДРЫГ ГЕНИЙН ТҮВШИНД ОНОШИЛЖ, ХУВЬ ХҮН БҮРТ ТОХИРСОН БАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

 

- Ярилцлагаа уншигчдад сайн  мэдээ дуулгаж,  урам өгч өндөрлөе гэж бодож байна. ХСҮТ  хавдрыг  эрт илрүүлдэг болсноор  эмчилгээ хийлгэх хүний тоо нэмэгдэж, мэс заслын тоо  өссөн ч нас баралт буурсан гэсэн. Сүүлийн үеийн мэдээллээс дуулгана уу?

 

 -ХСҮТ-ийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бид бүгдээрээ хичээж   байна. 2019 онд манай тусламж, үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүд 2018 оныхоосоо бүгд өссөн байна. Тухайлбал, 2019 онд ХСҮТ-д 13732 хүн хэвтэж эмчлүүлсэн нь урьд оныхоос 12 хувиар нэмэгджээ. Мөн 3323 мэс засал хийгдсэн нь урьд оноосоо 16 хувиар нэмэгдсэн бөгөөд тэр дундаа элэг цөс, нойр булчирхайн мэс засал 33 хувиар, эмэгтэйчүүдийн мэс засал 31 хувиар, цээжний хөндийн мэс засал 24 хувиар, ерөнхий мэс засал 23 хувиар, толгой хүзүүний мэс засал зургаан хувиар тус тус өсчээ. Тэгэхээр ХСҮТ-өөр үйчлүүлэгчийн тоо тасралтгүй нэмэгдэхийн хэрээр ачаалал ч мөн ихэсдэг гэж ойлгож болно.

 

Байгаа байрандаа, байгаа боломжиндоо бид тусламж үйлчилгээгээ аль болохоор зөв зохицуулах гэж хичээж  байна. Менежментээ сайжруулж орны тоог нэмэх, зохион байгуулалтаа улам нягтлан хүлээгдлийг бууруулах арга хэмжээг авч байна. Тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд энэ жил төсөвт 5.9 тэрбум төгрөгөөр тавигдсан. Үүнийг дурангийн мэс заслын хүчин чадлаа сайжруулж өргөжүүлэх,  оношлогооны хүчин чадлыг нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэхэд чиглүүлж байна.

Манай эмч нарыг олон нийт үнэлдэг. Үйлчлүүлэгчид маань ирээд баярлалаа гэж хэлдэг. Саяхан л гэхэд ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан  нэг байгууллагаас ямар ч өвдөлт зовиургүй боловч хорт хавдартай хэд хэдэн хүн оношлогдож, тэр нь эрт үедээ илэрсэн тул  мэс заслын эмчилгээ хийлгэж эдгэрсэн тохиолдлууд нэлээд хэд гарлаа.

 

Хаалганаасаа эхлээд үйлчлүүлэгч төвтэй, урмын үгтэй, гэгээлэг болгох төдийгүй шарил гаргах хэсэгт хүртэл засч сайжруулах ажлууд тасралтгүй хийгдэж байна. Би хамт олондоо хэлдэг юм “Хавдрын эмнэлэг гэхээр харанхуй угтах биш харин хүний урам, хүч сэргэхээр байгууллага байх ёстой” гэж.

 

Тиймээс хавдрын тусламж үйлчилгээгээ дэлхийн төвшинд аль болох ойртуулах, бүр өндөр биш гэлээ ч дээгүүрт орох оношлогоо, эмчилгээний дэвшилтэт арга, технологиудыг тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэхийг байнга зорьж байна.

Молекул биологийн лаборатори маань маш сайн ажиллаж байгаа. Хорт хавдрыг генийн төвшинд оношилж эмчилгээг нь түүнд суурилсан, хувь хүн бүрд тохирсон бай эмчилгээ хийх технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.  Түүнчлэн 2018 онд байгуулагдсан Ангиографын тасгийнхан элэгний эрт үеийн 3 см хүртэлх хэмжээтэй хавдрыг өндөр давтамжит долгионоор түлэх (RFA) эмчилгээг амжилттай нутагшуулан нэвтрүүлж байна. Харин ийм эмчилгээ хийлгэх боломжтой эрт үеийн хавдрын тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр мөн л хүртээмжээ нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага өсч байна.

 

Ганц эмнэлзүй биш, төв гэсэн утгынхаа хүрээнд эрдэм шинжилгээ сургалтыг байнга хөгжүүлэн хэрэгжүүлж байна. Мөн үндэсний хэмжээнд хорт хавдрын эрт илрүүлэг, тандалтын бүртгэлийг хариуцан ажиллаж байна. Бид АНУ, Ирланд, БНСУ зэрэг олон орон, Олон улсын цөмийн энергийн агентлаг, Азийн хөгжлийн банк, Хавдрын эмнэлгүүдийн нийгэмлэг гэх мэт болон байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 

Манай Элэг шилжүүлэн суулгах төвд өнөөдрийн байдлаар 22 хүн элэг шилжүүлэн суулгуулсан бөгөөд багийн хамт олны менежмент, ур чадвар сайжирсны дүнд хагалгааны үргэлжлэх хугацаа 18 цагаас долоон  цаг болтол буурч, дэлхийн түвшинд очсон байна.

Үүнд үндэслэн одоо шинээр нэг арга болох ПЭТ /радио цацрагт бөглөөс эмчилгээ/ -ийг хийхээр зорилт тавин ажиллаж байна. Химийн эмчилгээнд бай эмчилгээг нэвтрүүлээд үр дүнгээ үзээд явж байна.  Энэ нь тухайн хүн хөхний хавдартай бол зөвхөн тэр хэсгийг онилсон  эмчилгээг хийнэ. Бусад эсийг гэмтээхгүй. Туяаны эмчилгээг сайжруулснаар Монгол Улсаас гадагшаа гарч байсан урсгалыг зогсооход тун том алхам болсон. Удахгүй стереотактик туяа эмчилгээ үзүүлэх нэмэлт хэрэгслийг суурилуулчихвал илүү үр дүнд хүрч, дэлхийн түвшинд хүрсэнээр гадагш туяа эмчилгээгээр хүн явуулах шаардлагагүй болно. Мөн 3D туяа эмчилгээ, эмэгтэйчүүд, хүүхдийн хавдрын эмчилгээ амжилттай явж байна. Туяа эмчилгээний давуу тал нь нарийвчлалын асуудал юм. Ямар ч л гэсэн манай хамт олон дор бүрнээ хичээж, шинэ шинэ ололтуудыг бий болгох гээд чармайсаар л явна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419