"iPhone 12"-ийг гаргах хугацаа 2021 он хүртэл хойшлогдож магадгүй
Apple компани нь өөрийн шинэ бүтээгдэхүүнээ олон түмэнд танилцуулах, худалдаалж эхлэх ажлаа намрын улиралд хийдэг боловч дэлхий дахинд ид тархаж байгаа короновирусийн улмаас шинэ iPhone 12-ыг гаргах хугацаагаа хэдэн сараар хойшлуулж магадгүй байдалд хүрээд байна.
Үүний гол шалтгаан нь уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хүргэх явцад гарч байгаа байнгын тасалдал бөгөөд мөн вирусийн халдвараас болж хэрэглэгчдийн худалдан авах идэвх буурч болох юм гэсэн таамагтай холбоотой юм байна. Тус компанийн топ-менежерүүд нь 5G бүхий шинэ бүтээгдэхүүнээ жинхэнэ хит болгох зорилготой байсан боловч өнөөгийн ийм нөхцөлд энэ нь бололцоогүй болжээ. Гэхдээ бас шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах ажлыг хойшлуулах нь ч бас эрсдэлтэй бөгөөд ингэснээр тус компани өрсөлдөгч бусад компаниас хоцорч болох юм.
Шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулахын тулд эхлээд уг компани өөрийн шинэ бүтээгдэхүүний загвараа үйлдвэрлэгч нарт танилцуулж, үйлдвэрлэж эхлэх ёстой боловч хаа сайгүй үйлчилж байгаа карантинаас болж олон саад бэрхшээл тохиолдож байгаагийн нэг жишээ нь тус компанийн ажилчид энэ асуудлаар Хятад улсад очих боломжгүй байгаа явдал билээ. Зарим хүмүүсийн тооцож байгаагаар бол шинэ утас танилцуулах ажил маань бүр 2021 хүртэл хойшилж болзошгүй байгаа гэнэ.
Нэмэн хэлэхэд Apple компанийн 2020 онд гаргах эхний бүтээгдэхүүн болох iPhone SE-ийн шинэчилсэн загварыг олон нийтэд 3-р сарын төгсгөлөөр танилцуулан, худалдаж эхэлнэ гэж байсан боловч энэ нь ч бас хойшлогдсон билээ.