Дэлгэр мөрний хөвөөн дээр 1926 онд төрж өссөн монгол түмний билэг танхай хөвүүн Бадраа гуайн Халуун элгэн нутаг нь хад чулуун дээр сийлэгдэж халх монголын зүрхэнд мөнхөрсөн нь туурга тусгаар Монгол Улс үеийн үед энхжин мөнхжин бадрахын өлзийтэй ерөөлийн билэгдэл баталгаа мөн. Элэг зүрхнээс уяатай Энхрий монгол нутаг минь Эцэг эхээс заяатай Эрдэнийн алтан өлгий минь эсвэл Элбэг гэрлээр гоолиг чи минь наддаа Эсэн цэнгэл бүхнийг авчрах гайхмаараа хөө юмуу нэг бол найрын дууны сүлд Найрсаг байгаасай зэрэг гурван зуугаад дуу шүлэг зохиосон Бадраа гуайд Бурханаас дуунд гардаг шигээ гайхмаар агуу их авьяас билэг суу заль мэргэн ухааныг заяажээ.
Бага байхад аав маань жаахан халамцуу үедээ Бадамлянхуа усан мандалд гээд л аялахад Базарваань үүнийг зохиосон Бадраа гуай чинь хувилгаан юм гэнэ лээ хэмээн ээж минь ханцуйндаа залбирч шивнэж байхыг миний бие хэд хэдэн удаа сонссон юм даг.
Ямартай ч Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазарын ойрын төрлийн удмын хүн болоод ч тэрүү Бадраа гуайн шүлэг дууны үг бүрийнх нь үзэл санаа нь Үлэмжийн чанартай дүйцэхүйц, уг хүнийх нь натур төрх нь говийн догшин хутагт Данзанравжаатай зүйрлэхүйц гэхэд хилсдэхгүй.
Учир нь тэрээр улс монголын урлаг соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, сод ухаантан, ардын урлаг судлаач, шүүмжлэгч, яруу найрагч, орчуулагч, найруулагч зэрэг арван хуруу давсан авьяас билэгтэйгээс гадна англи, орос, санскрит, хинди хэлэнд ус цас шиг нэгэн байв.
Бадраа гуай орос хэлнээс Евгений Онегин, Лусын дагина, итали хэлнээс Тоска, хинди хэлнээс энэтхэгийн нэрт зохиолч Р.Таагүүрийн Өргөлийн дуулал шүлгийн түүвэр, Цусан тахилга жүжгийг орчуулж монголынхоо уншигч vзэгчдийн хүртээл болгожээ.
Бадраа гуай монголын анхны симфони болон хөгжимдөх ур зүйн болон Мандухай цэцэн хатан киноны шүүмж, монгол ардын дуу хөгжмийн түүхэн уламжлал, угсаатны зүйн чиглэлээр зуугаад шүүмж өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Бадраа гуайн зохиосон 300 орчим дуу шүлэг байдгаас Халуун элгэн нутаг, Багш та, Жаргаах зүрхэн, Гайхмаараа, Найрсаг байгаасай, Намрын шөнө, Уяхан хорвоон хань, Гоёхон чимэг ч юм уу даа, Ганцхан туулах насных, Орь залуу нас, Чандмань эрдэнэ, Зандан шоо зэрэг олон дуу нь монголын ард түмний дуртай дуу болон мөнхөрчээ.
Бадраа гуайн туурвисан Монгол хөөмэй (1983), Цацал (1985), Ингэн нулимс (1987) зэрэг угсаатны судлалын баримтат кинонууд олон улсын телевизийн “Солонго” наадмаас удаа дараа тэргүүн шагнал хүртэж түүний санаачлан зохион байгуулсан Ардын урлагын наадмууд нь монголын өв соёлыг залуу үедээ төдийгүй дэлхийн улс түмнүүдэд нээж өгсөн юм. Үүний нэг тод жишээ нь монголын урлаг соёлыг дэлхийд таниулж яваа Бадраа гуайн суурийг нь тавилцсан ардын урлагын Тvмэн-Эх чуулга мөн.
Жамцын Бадраа гуай жараас оноос эхлээд л үндэсний үзэлтэн гэгдэх өө сэвэнд өртөж явсан ч үндэснийхээ өв соёлын төлөө үхэн хатан тэмцэлдсэний хүчинд өнө эртний уламжлал урлаг соёлоо амь тавьчилгүй хадгалсаар ардчилалтай золгуулж өгсөнд түүний алдар гавьяа нь мөнхөд орших болно.
Хэтэрхий мэргэн ухаантан хэнийг ч хэлмэгдүүлэлт тойрч явдаггүйг Бадраа гуай ч бас амсчээ. Ямартаа, өвөг дээдсийн өв соёл үндэсний үзэл нэвт шингэсэн Бадраа гуай жаахан халахаараа найзууддаа Би бол та нарыг бодоход Намын төв хорооны мэдлийн хүн шүү хэмээн егөөддөг байсан нь сайндаа ч биш сав хийвэл үндэсний үзлээр үе үе төв хороонд дээр дуудагдан үтэр түргэн Ховд хөдөөгүй цөлөгдөж үзэл бодлоосоо болоод Ажилд авлаа халлаа тушаалыг арав гаран удаа гардаж байсан гэдэг.
Гэхдээ Бадраа гуай шиг билэг танхай хөвү
үнээ монгол түмэн элэг зүрхэндээ үеийн үед хайрлан хүндэтгэн дурсан санасаар байх болно. Миний бие цэрэг эх оронч иргэнийхээ хувьд монгол түмний цөс ихт хөвүүн Дарь Сүхбаатар, билэг танхай Бадраа гуай, алдарт дуучин Адарсүрэн гэх зэргээр аавын хүүг алагчилахгүй, ард түмнийхээ хайртай хүндтэй охид хөвгүүдийн намтар түүх, ахмад үеийнхээ шударга хөдөлмөрч дайчин уламжлалаас чадвал өдөр алсалгүй олон түмэндээ хүргэсээр л байх болно. Сайн үйлс улам дэлгэрэх болтугай!
ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт