Ухань хот амь орлоо
БНХАУ-д дотоодын халдвар гарахгүй байгаа ч импортлогдон орж ирэх тохиолдлоос сэргийлж, олон улсын нислэгийн тоогоо цөөлж, тусгаарлах байрны тоог нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Өчигдрийн байдлаар тус улсад халдварын 45 шинэ тохиолдол, таван нас баралт бүртгэгджээ.
Халдварын эхний үндсэн голомт Хубэй мужийн нийслэл Ухань хотод тогтоосон хатуу хөл хориог аажмаар цуцалж байна. Өнгөрсөн баасан гарагийн үдшээс замын хөдөлгөөнийг нээсэн бол бямба гарагаас метро болон төмөр замын хөдөлгөөнийг сэргээж, Ухань хотод иргэдийг нэвтрүүлж эхэлжээ.
Тус хотод ирж буй иргэд өөрийгөө эрүүл гэдгээ гар утасны аппликейшны тусламжтайгаар нотлон харуулж байж, нэвтэрч орж байгаа юм байна. Иргэдийг Ухань хот руу нэвтрүүлсэн ч гарах хөдөлгөөнийг хориглосон хэвээрээ байгаа аж.
Ухань хот дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн дотоодын нислэгээ нээхээр төлөвлөж байна гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. 11 сая гаруй оршин суугчтай Ухань хот нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн хоёр сар гаруй хугацаанд өндөржүүлсэн хөл хорио цээрийн дэглэмийг мөрдсөн юм.