Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй
"Саак өнцөг"-т тавтай морил. Бид энэ удаа коронавирусийн талаарх "тайлагдашгүй" нууцууд болон цаашдын ирээдүйг судлаачид хэрхэн үзэж байгааг багцлан хүргэж байна.
Хариулт нь олдоогүй асуултууд
Коронавирусийн түүх маш олон асуултыг бий болгож байгаагаас зарим нь магадгүй хэзээ ч хариулт нь олдохгүй байж мэдэх юм. Тухайлбал, юун түрүүнд уг вирус анх хаана бий болсон бэ? Байгалийнх уу, зориудынх уу? Хятад, Америк эсвэл Израйлийн зэвсгийн лабораторид бий болсон биологийн зэвсэг үү? Энэ бол эхний асуулт.
Уг асуудалд орооцолдоод буй улсуудын засгийн газрууд маш “ам бөхтэй” байж, гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч хуйвалдааны онолд татагдан орсон байх боломжтой тул бид хэзээ ч үнэн хариултыг нь олж мэдэж чадахгүй байх магадлалтай.
Харин хоёр дахь нь уг вирус өөрөө мөн чанарынхаа хувьд хэрхэн үргэлжлэх вэ гэх асуулт юм. Зарим судлаачдын таамаглаж байгаа шиг, мөн өмнөх цар тахлууд шиг жирийн улирлын томуу, өвлийн ханиад болон үлдэх болов уу?
Халдварын голомт болж буй улсуудын хувь заяа
Улс орон бүрт цар тахалд хандаж буй хүмүүсийн хандлага өөр өөр байна. Жишээ нь, Америк улсад өсвөр насныхан супермаркетуудад очиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэсэгт зориудаар ханиалгаж, найтаалгах зэргээр өвчнөөс урьдчилан сэргийлэх зааврыг үл тоомсорлож байгааг тус улсын хэвлэлүүдээр бичжээ. Харин Итали улсын хувьд өдөрт хэдэн зуун хүн нас барж байгаа нь тус улсын Эрүүл мэндийн систем өндөр настнуудыг гаргуунд нь гаргаснаас болсон гэж зарим шүүмжлэгчид үзэж байна. Гэсэн ч энэ нь өвчтэй хүмүүсийг эмчлэх дэс дарааг тогтоосонтой холбоотой гэж тус улс тайлбарлаж байгаа.
Харин ийм дэс дараа тогтоох ганцхан шалтгаан байдаг нь өвчтөнүүдийг эмчлэх нөөц, боломж хязгаарлагдмал байх юм. Үнэхээр ч Итали улсад, тэр дундаа Ломбард хотод эмнэлэгүүд хэт их ачаалалтай болж, хүн бүрийг эмчлэх боломжгүйд хүрсэн. Тиймээс л эмч нар амьд үлдэх хамгийн өндөр магадлалтай хүмүүсийг нэн тэргүүнд эмчлэх шийдвэрт гаргаад байна.
Гэтэл Итали улсад ийм нөхцөл байдал үүсээд байгаа нь АНУ-д ч мөн санаа зовоход хүргэж байгаа юм. Учир нь АНУ-ын нэг хүнд ногдох эмнэлгийн орны тоо Итали улсынхтай бараг адил бөгөөд вирусийн хүндэрсэн үе шатыг эмчлэхэд ашиглаж болох уушгины аппаратын нөөцөөр Итали улс илүү.
Мөн Итали улс Хятад болон Оросоос оношлуур, уушги орлуулагч төхөөрөмж, амны хаалтын тусламж авсан. Тиймээс тус улс АНУ-аас хавьгүй олон хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулах боломжтой. Мөн Италийн хойд нутгийн эмнэлгийн үйлчилгээний систем нь Европ стандартад нийцсэн тул АНУ-аас илүү юм. Гэсэн ч Итали улсад вирусийн тархалтыг тогтоон барихад хүнд болоод байгаа нь, нөхцөл байдал хүндэрвэл Америк ч мөн ийм замналаар явахад хүрч магадгүйг харуулж байна. Үүн дээр нэмээд Испани, Франц улсууд араас нь явж байна.
Харин шинэ төрлийн коронавирус болон түүний жинхэнэ гарал үүсэл, улс орнуудад цаашдын үзүүлэх хор хөнөөл зэргийн талаарх энэ олон асуулт, маргаан зэргийг үл харгалзан бүх эрдэмтэд ганц л зүйл дээр санал нийлж байна. Тэр нь коронавирус маш өндөр халдвартай, хурдан тархах чадвартай, үхлийн аюултай, тэр дундаа өндөр настан болон дархлаа султай хүмүүст нэн халтай гэсэн үзэл дээр нэгдээд байгаа юм. Тиймээс одоогоор гэрээсээ гарахгүй байж, гараа сайтар угааж, хувийн хариуцлагатай байх нь уг вирусээс хамгаалах ганц тодорхой арга юм.