Хойд Солонгос олон улсын байгууллагуудаас коронавирустэй тэмцэхэд туслахыг нууцаар хүсчээ
Хойд Солонгосын томоохон албаны хүмүүс олон улсын байгууллагуудаас эмнэлгийн тусламжийг бие даан гуйж эхэлсэн бөгөөд тэд тус улсад коронавирусийн тохиолдол илэрсэн болохыг няцаасан хэвээр байгаа юм байна.
"Financial Times" сонинд пүрэв гаригт мэдээлэхдээ Хойд Солонгосын албаны хүмүүс олон улсын байгууллагууд болон холбоотой улс орнуудаас коронавирустай холбоотой тусламж гуйж эхэлсэн юм байна.
Нэрээ нууцалсан эх сурвалж "Тэд коронавирусийн оношлуур болон багаж хэрэгсэл гуй байгаа. Хүсэлт гаргасан хүмүүсийн хэлснээр тус улсад нөөц байгаа ч ирээдүйд хомстол үүсэхээс сэргийлэхийн тулд ийм алхам хийж байгаа юм байх" гэж хэлжээ.
Одоогийн байдлаар тэдний энэ хүсэлтэд хариу өгсөн газар байхгүй байна.
Тус улсын нийслэлд өнгөрсөн онд байрлаж байсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Хойд Солонгост халдвар дэгдэх нь маш аюултай нөхцөл байдал үүсгэж болохыг анхааруулжээ. Түүний хэлснээр "Энэ оронд эмнэлгийн салбар муу хөгжсөн. Хэрвээ халдвар гарвал маш олон хүн үрэгдэх болно" гэжээ.
Цөмийн хөтөлбөрийнхөө нөлөөгөөр олон улсын хориг арга хэмжээнд ороод байгаа Хойд Солонгос улс ямар нэг тусламж авахад маш олон бэрхшээл учирч болох юм. Мөн тус улсын удирдагч албан ёсоор хүсэлт гаргаагүй тохиолдолд олон улсын байгууллагуудаас хандив авна гэдэг бараг бүтэшгүй хэрэг аж.