Маргаашнаас Хятад улс гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй
Шинэ төрлиийн коронавирусийн халдвар анхлан дэгдсэн голомт болох БНХАУ, халдварын эрчмийг дотооддоо тогтворжуулж чадсан. Өнөөдрийн /2020.03.27/ шинэчлэгдсэн мэдээллээр нийт халдвар авагсдын тоогоор тус улс дэлхийг тэргүүлэхээ больж, хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Цаашид гурав, дөрөвдүгээр байр луу үсэрч, Европын улсууд орыг нь залгах нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Гэсэн ч Хятадад халдварын шинэ тохиолдол цөөн тоогоор өдөр бүр бүртгэгдсээр буй шалтгаан нь гадаадын иргэд гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн. Өөрөөр хэлбэл дотооддоо биш, гаднаас импортолж орж ирсэн хэлбэрээр халдвар бүртгэгдэх болжээ.
Иймд БНХАУ өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны баасан гарагийн шөнө дундаас эхлэн /бямба гараг/ гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Зөвхөн транзит визтэй хийгээд Хонг Конг, Макаогоор дайрч ирсэн богино хугацааны визтэй иргэд нэвтрэх боломжтой аж.