Коронагийн үеийн Чикаго...
Өнөөдөр 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр. /Монголд 03.27/ АНУ-ын гурав дахь том хот Чикагогоос бичиж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал COVID19 буюу корона виурсын улмаас хүн төрөлхтөн хөл хорионд ороод даруй гурван сарыг үдэж байна. Уг вирусын халдвараас сэргийлэхийн тулд манай улс хоёрдугаар сараас эхлэн арга хэмжээ авч, хөл хорио тогтоосны дүнд өнөөдрийн байдлаар дотооддоо халдваргүй, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн нь л бий билээ.
Тэгвэл дэлхийн их гүрэн Америкт анхны тохиолдол хоёрдугаар сард илэрсэн ч ямар нэгэн арга хэмжээ авч, ажил зохион байгуулахгүй байсаар өдгөө халдвар тээгч болон нас барагсдын тоогоороо Хятад, Итали, Исдани улсуудын урд буюу нэгдүгээрт бичигдэж эхэллээ. Халдвар дэлхийгээр нэг тархаж эхлээд бүхэл бүтэн хоёр сар болж байхад “Энэ бол зүгээр нэг ханиад” хэмээн ард иргэддээ хааяа нэгхэн мэдээ шидсэн шигээ байсаар дөнгөж гуравдугаар сарын 13-ны өдөр л хөл хорио тогтоосон. Үүнээс хойш ч гэсэн өвчинтэй тэмцэх төсөв, хөрөнгөний хэмжээндээ Ерөнхийлөгч Доналд Трамцп болон эрх баригч нам хоёр нь нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байсаар бас л хугацаа алдсан. Үүнээс үүдэн халдвар авагсдын тоо өдөрт хэдэн зуу мянгаараа өсч, өнөөдрийн байдлаар 69 мянгад хүрч, нас барагсдын тоо мянга хол гараад байна. Чикаго хот байх Иллинойс мужийн хувьд тэтгэвэрт гарсан сувилагч нараа дуудсан, тусгаарлан эмчлэх болон цогцос хадгалах байруудаа саяхнаас л бэлдэж эхэлсэн гэхээс өөрөөр тоймтой авч буй арга хэмжээ үгүй хэвээр л байна.
Амны хаалт ба “хоригдоогүй” хөл хорио
Анхнаасаа хэвлэл мэдээллийн байгууллага, телевизээр нь энгийн л нэг ханиадны төрөл, эсвэл залуу хүмүүст огт хүрэхгүй хэмээн мэдээлсэн болоод тэр үү хэдийгээр хөл хорио тогтоосон ч иргэд нь маш болгоомжгүй хэвээр байсаар байна. Хотын төв, байгууллагуудын оффис орчмоор л хүн нь багассанаас бус бусад хаус хорооллуудаараа хөл хөдөлгөөн яг хэвээрээ. Хаа сайгүй хүүхдээ дагуулсан, тоглосон, нохойгоо салхилуулсан, гүйж харайсан хүмүүс харагдана. Харамсалтай нь тэднээс амны хаалт зүүсэн хүн нэг ч байхгүй. Хэдэн өдрийн өмнөхөө бодвол дэлгүүр хоршоо, олон нийтийн газраар хааяа нэг зүүсэн хүн харагдах ч тэдгээр нь ихэвчлэн Ази хүмүүс. Анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш амны хаалтнаас үүдэлтэй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал гарч байгаа тухай Монголчууд өөрсдийнхөө мэдээлэл солилцдог сайт дээрээ бичиж байв. Ер нь бол бид вирус тархахаас ч өмнө Ази царайтай л бол “Fucking China” хэмээн нэрлэгддэг байсан болохоор энэ удаагийнх нэг их шинэ сонин содон зүйл биш. Тиймээс ч Монголчуудын тэрхүү сайт дээрээ “Ичих хэрэггүйгээр амны хаалтаа зүүж, хэрэв асуудал үүсбэл “Би өвчтэй биш. Хятад ч биш. Би өөрийгөө, бусдыг эрсдлээс хамгаалж байна гэдгээ хэлээд маскаа зүүгээрэй” хэмээн бие биедээ хэлж, анхааруулж бас зөвлөсөөр байна.
Амны хаалтны хувьд Засгийн газраас нь “Зөвхөн ямар нэг өвчтэй хүмүүс л халдвар тараахгүйн тулд амны хаалт зүүнэ” хэмээн мэдэгдчихсэн. Энэ нь нийгэмд амны хаалт зүүсэн л бол ямар нэг өвчтэй гэх буруу ойлголт өгч, арьс өнгөний үзлийг дэвэргэсэн. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр вирусгүй байхдаа ч үзэн ядагддаг байсан China нар ийнхүү бүр ч нүд үзүүрлэгдэх болсон. Өөрөөр хэлбэл, Ази царайтай л бол China хэмээн ойлгодогтой холбоотойгоор ийнхүү гадуурхагдах шалтгаан “Virys China” болж нэгээр нэмэгдэв. Амны хаалт зүүсэн Ази хүн руу ихэд анхааран харж, “Чи зүгээр үү. Чамд ямар нэг тусламж хэрэгтэй юу” хэмээн асуухаас өөрөөр Монголын зарим хэвлэлд мэдээлж байгаа шиг буу шийдэм болж, асуудал хурцадсан зүйл одоогоор байхгүй байна. Гэвч эндэхийн зарим мэдээллийн сайт дээр “Вирус гарсанаас хойш зэвсгийн наймаа эрс нэмэгдсэн. Энэ нь магадгүй арьс өнгөний үзлээс үүдэлтэй мөргөлдөөн гарч болзошгүй юм” хэмээн мэдээлсэн нь ч байгаа юм.
Нөгөө талаас 330 гаруй сая иргэдийг нэгэн дор амны хаалтаар хангах боломжгүйгээр барахгүй зах зээлийн хомсдлоос үүдэн эмх замбараагүй байдал үүсэх, улмаар зайлшгүй хэрэгцээтэй эмнэлгийн ажилчдад хүрэлцэхгүй байх магадлал өндөр тул Засгийн газраас бодлоготойгоор “Хүн бүр зүүх шаардлагагүй. Зөвхөн өвчтэй иргэд зүүнэ” хэмээн мэдээлсэн гэх сураг ч байна. Америк улс нь хангалттай үйлдвэрлэгч улс огтоос биш. Өөрөөр хэлбэл, өчүүхэн жижиг амны хаалтаас авахуулаад бараг бүх бараа бүтээгдэхүүн нь Хятад улсаас хамааралтай учир ийнхүү бодлогын чанартай мэдээлэл хийсэн гэх мэдээлэл ч сонсогдож байна.
Энд манайхан шиг өөрсдөө хийгээд зүүнэ гэсэн ойлголт байхгүй болохоор хомсдол, эрэлтээс үүдэн эмх замбараагүй байдал үүснэ гэж тооцож буй биз. Хоол хүнснээс авахуулаад үргэлж бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүст энэ нь “байж боломгүй үзэгдэл” байх нь лавтай.
Ингэж нийтээрээ амны хаалт зүүхгүй байгаа атал дэлгүүрүүд, эмийн сангийн худалдаанд амны хаалт, гар ариутгагч, бактери устгагчтай сальфетика, нэг удаагийн бээлий аль хоёрдугаар сараас эхлэн огт байхгүй байгаа. Онлайнаар мэр сэр байгаа ч дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сард л ирэхээр байгаа юм. Өмнө нь дэлгүүрийн лангуун дээр хөглөрч байдаг байсан амны хаалтнуудыг худалдаж авчихаад, өнөөдрийг хүртэл хадгалсаар байгааг нь харахаар үнэхээр тэнэг хүмүүс гэхээс өөр юу гэх вэ. Манай улс гэхэд хүн бүр амны хаалт зүүсэндээ л өнөөдөр байдал ийм сайн байгаа ч юм уу, хэн мэдлээ. Их гүрэн гэж цээжээ дэлдчихээд өдөрт 10 гаруй мянгаар нэмэгдэж байгаа халдварын тохиолдлуудын дараа ч “Амны хаалт зүү” гэж төр засгаас нь уриалахгүй, иргэд нь ч бусад орнуудын хамгаалж байгаа жишээг хараад маскаа зүүчихгүй байгаад Монголчуудаас өөр бухимдаж байгаа хүмүүс үгүй байх аа.
“Аргаа барвал гамбир ч болохноо идчихнэ”
Өргөн хэрэглээний бараа хүнсний хувьд хөлдөөсөн ногоо, лаазалсан бүтээгдэхүүн, 00-ын цаас гэх мэт бараанууд үдээс хойшдоо байхгүй байгаа ч өглөө эгт орвол аль ч дэлгүүртээ байгаа. Гэхдээ Монголчуудын ихээр үйлчлүүлдэг зарим дэлгүүрт цэвэр ус, сүү, өндөгийг нэг хүнд нэг эсвэл хоёроос илүүг өгөхгүй байгаа юм. Америкчууд Монголчууд шиг “хөдөлмөр” шаардсан хоол хийдэггүй, ихэвчлэн бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэг тухай дээр дурдсан. Тиймээс шарах шүүгээнд халааж эсвэл хэдхэн миунт буцалгаад иддэг, эсвэл бүр хутгаад л шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь л ховорджээ.
Монголчуудын хувьд “Аргаа барвал гамбир ч болохноо хийгээд идчихнэ” хэмээж байна. Өөрөөр хэлбэл, хийж иддэг бүтээгдэхүүний хомсдол төдийлөн байхгүй буюу Монголчууд бидний өргөн хэрэглээний бараа болох мах, гурил, будаа, хүнсний ногоо, ургамлын тос зэрэг нь нэг их ховордоогүй хэвээр байна.
Эх оронд маань хөл хорио тогтоож эхэлснээс хойш эндэхийн монголчууд ч бас дор бүрнээ бэлтгэж, хүнс хоолоо нөөцөлж авсан. Бид том эрсдлийн өмнө зогсохоороо нэгдэж чаддаг хүмүүс бололтой. Өмнө нь янз бүрийн асуудлаас болоод мэдээлэл солилцдог сайт дээрээ хэрүүл, маргаан хийхийг бишгүй харж байсан ч энэ удаа харин АНУ-ын Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг цаг тухайд нь хүргэх, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, эсвэл бүр “тэр дэлгүүрт амны хаалт байна, энэ дэлгүүрт гар ариутгагч байна” гэх мэтчилэн жижиг гэлтгүй мэдээллүүдийг бие биедээ харамгүй хэлж, уриалж байгааг нь харахаар бахархууштай байна.
Өрхийн орлого зогслоо
Хөл хорио тогтоож эхэлснээс хойш 14 хоног өнгөрч байна. Өөрөө хэлбэл, Монголчуудын хийдэг гол ажлууд болох такси, хумсны салоны үйлчилгээнүүд хаагдсан. Шууд хүнтэй харьцдаг хамгийн эрсдэлтэй ажлууд учир манайхан ч аяндаа өөрсдөө татгалзсан нь олон байх. Татгалзахгүйгээр ажиллая гэсэн ч салонууд бол шууд хаагдсан учир ямар ч боломжгүй. Харин такси хөл хорио тогтоосон болохоор үйлчлүүлэгдийн тоо үлэмж багасч, орлого олох асуудал огт үгүй болсон гэхэд болно. Одоогийн байдлаар хөл хорио Иллинойс мужид гэхэд ирэх дөрөвдүгээр сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.
Цаашид ч сунгах магадлал тун өндөр байна. Тэгэхээр бидний монголчуудын хувьд орлогын асуудал тун хүнд болж эхэлж байна. Одоо шинэ сар эхлэнгүүт байрны мөнгөнөөс авахуулаад машины зээл гэх мэт төлбөрүүдээ төлж эхэлнэ. Тийм болохоор “Вирустай холбоотойгоор орлогогүй болсон тул төлбөрийн асуудлыг хойшлуулах эсвэл хүүг нь л төлөх тухай асуудлыг холбогдох газруудад нь тавиад үзээрэй” хэмээн сайт дээрээ хэлж, зөвлөж байгаа хүмүүс ч байна. Дээрх төлбөрүүдийг ямар нэг байдлаар чөлөөлөх тухай дүрэм, журам гараагүй ч оролдоод үзэхэд илүүдэхгүй хэмээн ийн нутаг нэгтнүүд маань бие биедээ уриалж байна.
АНУ, Чикаго хот.
Т.Гэрэлмаа